“Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмж барих хүмүүс нь ирсэн. Энэ долоо хоногт барилгын ажлаа эхэлнэ гэв

БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” ХХК-нд Улаанбаатар хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхээр болсон талаар НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун анх олон нийтэд мэдээлсэн. Гэвч хотын дарга С.Амарсайхан үүнийг үгүйсгэж “БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” ХХК-нд 50 га газар олгох асуудал огт яригдаагүй. Намайг харлуулах гэж ийм ажлыг санаатай зохион байгуулж байна. Нийслэлд хятад компани хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй” гэж ярьсан хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар мэдээлэл хийлээ. 

Тэд мэдээллийн эхэнд 50 га газрын асуудал хоёр сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Нийслэл болон салбар яамны ажлын хэсэгт хоёр газрын алийг нь сонгох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хэрэв 50 га  газраа сонгочих юм бол нийслэлээс дэд бүтцийг нь хүртэл байгуулах юм байна. Бидний сонссон мэдээллээр “Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмж барих хүмүүс өнгөрсөн долоо хоногт ирээд газрыг нь үзсэн. Энэ долоо хоногоос барилгын ажлаа эхлээд  зургадугаар сарын 5-аас сууриа тавина. С.Амарсайхан дарга худлаа ярьж, иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн юм. 

Түүнчлэн “Асрал Агро парк” ХХК-ийн төлөөлөл Х.Алтанцацралт “Монголын Засгийн газар үндэсний хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ дэмжихийн оронд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд гэсэн нэрийн  дор БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” ЗГХЭГ-ыг дэмжиж улмаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нь дэмжжээ.  2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр тус компанид 50 га газрыг нийслэлийн Засаг дарга олгож хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэх гэж байна. Энэ газарт хятад тариаланчид ямар  ногоо тарих болон хэрэглэх технологи, бордоо зэрэг нь тодорхойгүй байгаа. Цаашид 300 га хүртэл газарт хүлэмжийн үйлдвэрлэл төдийгүй  гадаа задгай талбайд тариалалт хийж дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж төсөлд нь тусгасан байна. Энэхүү хүлэмж ашиглалтад орсноор манай өрхийн  тариаланчид болон аж ахуй нэгжүүд хоёр орны төрийн дэмжлэг мөнгө санхүү сайтай нэгдсэн борлуулалт өртөгтэй  гадаадын өрсөлдөгчтэй өрсөлдөх боломжгүй болж байна. Цаашид монголын ногоочид дампуурах, хүнсний аюулгүй байдал дотоодын болон импортын нийлүүлэлт нэг улсын харьяанд орно гэж  үзэж байна.  Өнөөдөр монголын ногоочдод ганц га газар  ч олдохгүй байна. Гэтэл гадны компанид 50 га газар өгнө гэж  зүтгээд байх юм. Монголын  хүлэмжийн аж ахуй эрхлэгчид төрөөс ямар нэгэн дэмжлэггүй жилийн зургаан сараас арван сар хүртэл  зах зээлд  импортын ногоог  оруулж ирэхгүйгээр үйлдвэрлэл явуулж  хямд чанартай  гарал үүсэлтэй  ногоог нийлүүлж чадаж байна. Жилийн бусад үед халаалт дулааны зардал өндөр тариалалт хийх газар болон хөрөнгө оруулалт эргэлтийн хөрөнгө дутмаг  зээлийн хүү өндөр зэргээс шалтгаалан хангалттай хэмжээнд үйлдвэрлэл явуулж чадахгүй байдаг. Бидэнд  хөрөнгө оруулалт дэмжлэг л дутагдаж байна” гэсэн.

Түүнчлэн энэ үеэр тэд дараах шаардлагыг  холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнд "Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмжийн төслийг хэрэгжүүлэх эсэхийг монголын нийт ард иргэдийн санал хураалтаар шийдэх. Нийслэлээс олгож байгаа 50 га газрыг монголын тариаланчдад олгох. Хэрэв уг төсөл хэрэгжсэн тохиолдолд монголын тариаланчдад БНХАУ-ын нарийн ногоо тариалах 50 газар олж өгөхийг  шаардаж байна” гэжээ.