Хөгжлийн банкийг Г.Амартүвшин удирдана

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахан Хөгжийн банкинд шалгалт оруулж улмаар тус банкны удирдлагуудыг нь солино гэдгээ мэдэгдэж байсан. Мөн тэрбээр тус банкны удирдлагад таваас зургаан хүний нэр яригдаж байгаа, бүгдэнтэй нь уулзаж байгаад хэнийг удирдлагаар сонгохоо шийднэ хэмээн мэдэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл өчигдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохоор болжээ. Г.Амартүвшингийн хувьд банкны салбарт олон жил ажилласан туршлагатай банкир юм.  

Энд мэдээлэхэд ЗГХЭГ-ын даргыг Хөгжлийн банкинд шалгалт оруулсны дараахнаас тус банкны удирдлагуудыг солих нь тодорхой болоод байсан. Ингэхдээ МАН-ын удирдлагын хүрээнд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгддэг Б.Батбаярыг хурдан холдуулж шинэ дарга, багийг ажиллуулах нь зүйтэй гэсэн яриа өрнөсөн тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл тус банкны удирдлагыг сольсноор энэ банкинд ямар халаа сэлгээ хийх бол гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

Г.Амартүвшингийн намтар 

Д.Амартүвшингийн хувьд 2011 оноос ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2014 оны долоодугаар сараас Хас банкны ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа. Намтартаа Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.

Казкоммерц банкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байсан. ABN AMRO банкны бүтцийн зээлийн хэлтэст ажиллаж байхдаа Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбоо гэх мэтчилэн хэд хэдэн өндөр хэмжээний гүйлгээг хариуцан ажиллаж байжээ. Дараа нь тэндээ Ерөнхий Эрсдэлийн Удирдлагын хэлтэст шилжин орж ажиллаж байжээ.

Мөн тэрбээр Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистар аж.