Н.Номтойбаяр: Би талийгаачтай өрөөндөө уулзсан. Гэхдээ муудалцаагүй

АН-аас өнөөдөр Г.Батхүү агсны нас барсан шалтгааны  гадны нөлөөтэй байж магадгүй байгаа талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ талийгаач хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэж АН-ын дэд дарга Х.Тэмүүжин онцолсон. Тэгвэл талийгаачийн хамгийн сүүлд уулзсан гэх хүмүүс дотор  МАН-ын гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан аж. Тэгвэл тэрбээр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Би ѳнгѳрсѳн баасан гарагт Г.Батхүү агсантай уулзсан нь үнэн. Талийгаач манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Талийгаачийг гарсны дараа 19.18 цагт би бүлгийн хурал руу орсон. Картаа хийхээр тэнд автоматаар бүртгэгдэж байдаг. Надаас цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авсан. Одоо шалгаж байгаа юм билээ. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй" гэсэн юм. Мѳн үеэр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ" гэсэн. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

-Талийгаач ордонд “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцсон юм билээ. Энэ талаараа танд ярьсан уу? 

-Тэр бол Монголын Мотоцикл автомашины холбоо. Манайх бол тусдаа. Тэр хурлын талаар юу болсон талаар яриагүй. Ямар ч байсан долоодугаар сард болно гэсэн.  Миний ойлгосноор тэр хурал нь гуравдугаар давхарт ЕТГ-ын дарга З.Энхболдын өрөөнд болсон. ОХУ-ын талаас бас хүмүүс ирсэн юм шиг байна лээ. Бид хоёрын ярьсан зүйл юу вэ гэхээр энэ жил манай төрлийн авто спортын 6 дахь жил буюу өнгөрсөн 5 жилийн ажлаа дүгнэнэ. Тамирчдын хувьд цол зэргийн асуудлыг талийгаач Г.Батхүүгээр ахлуулсан. Холбоо шийддэг. Миний зүгээс "Манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдэж өгөөрэй. Зургаадугаар сарын 14-15-ны хооронд эхний тэмцээн болно. Долоодугаар сарын 20-27-ны хооронд ОУ-ын тэмцээн болно. Тэгэхээр хурлаа хамт хийгээд олон нийтийн өмнө хэвлэлийн хурал хийгээд явъя зэрэг ажлын хэргийн талаар ярьсан". Гуравдугаар  давхарт болсон хуралд би оролцоогүй. 

-Тантай уулзахад сэтгэл санааны хувьд хэр байсан бэ? 

-Зүгээр байсан. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Судас нь улаалттай. Тэрийгээ ах нь эмчилгээ хийлгэж байгаа л гэж надад хэлсэн. Намайг 19.18 цагт бүлгийн хуралд ороход үүдэнд сэтгүүлчид байсан. Төрийн тусгай хамгаалалтынхан ч байсан. 

-Таныг бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй маргалдсан гэх мэдээлэл гараад байна? 

-Ажил хэргийн шугамаар маргалдах зүйл байж л байдаг. Тэр өдөр хоёр гишүүний асуудал орсон. Түүнээс хувийн асуудлаар маргаад байгаа юм байхгүй. 

-Таны өрөөнөөс гарахдаа хүнтэй уулзана гэж байсан уу, талийгаач? 

-"Ахыг нь хүн хүлээж байна" гээд зургадугаар сарын 14-нөөс өмнө яръя гээд гарсан. Мөн талийгаачийн ажил явдлын үеэр ийм мэдээлэл хийж байгаадаа уучлал хүсч байна.