МАН-ын УЗ: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцох шаардлагагүй

МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, намаас 5 жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны дарга байж, Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгасан бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Энэ нь улс орны эрх ашигт нөлөөлөх ноцтой шийдвэр байсан гэж буруутгасан юм. 

Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж дээрх гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд "Энэ нам коммунист нам боллоо. Тойрог булаах гэж тэр" хэмээн УИХ-ын чуулганы танхимд бухимдлаа илэрхийлсэн. Улмаар өнгөрсөн баасан гарагийн орой энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдсан. Хуралд МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар оролцож гаргасан шийдвэрээ танилцуулсан аж. Энэ үеэр гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан ч Хяналтын хороо гаргасан шийдвэрээ цуцлах ёстой гэжээ. Харин Хяналтын хорооны дарга Д.Батбаатар “Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, энэхүү шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой” гэсэн байна. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан ч мөн л гишүүдийн олонхи нь Хяналтын хорооны шийдвэрийг буруутгаж улмаар хүчингүй болгохоор болжээ. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлснээр хурлын үеэр МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатарыг яаран сандран буруу шийдвэр гаргасан, УИХ-ын үйл ажиллагаанд оролцсон хэмээн дургүйцсэн байна. 

Түүнчлэн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ш.Ранднаасэд энэ үеэр намаасаа гарах өргөдлөө өгснийг намын дарга У.Хүрэлсүх авч "Энэ асуудлыг яаран шийдэхгүй. Би энэ өргөдлийг чинь аваад байж байя" гэжээ.