АН:Талийгаач нас барахаасаа өмнө МАН-ын нэг гишүүний өрөөнд орж уулзаад гарсан гэх мэдээлэл байна

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар нас барсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон намын удирдлагууд өнөөдөр /2019.05.20/ мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хурлын эхэнд "Сүүлийн үед талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээллийг цахим орчинд тараах, гүтгэх зэрэг монгол хүнд баймааргүй зүйлсийг тарааж байгаад харамсч байна. Цагдаагийн байгууллага энэ асуудалд онцгой анхаарч, учир явдлыг нэн яаралтай шалгаж, үнэн бодит мэдээллийг ар гэрийнхэн болон Ардчилсан нам, ард түмэнд мэдээлэх байх гэдэгт найдаж байна" гэсэн юм. Улмаар талийгаачтай холбоотой мэдээллүүдийг өгсөн бөгөөд "Талийгаач тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амиа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Түүний хувьд хууч өвчин байхгүй. Хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ, оншилгоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан. Мөн Г.Батхүү агсныг сүүлийн 20 минутад хэнтэй уулзаж байсныг хууль хяналтын байгууллага тогтоосон. Нийгмийн сүлжээгээр С.Эрдэнэ даргатай уулзаж байсан гэж тарааж байгаа мэдээлэл худал. АН тэр үеэр хуралдаан хийж хийж байсан гэсэн юм.

Дараа нь АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдийн асуултад хариулсан

Тэрбээр "Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан, бие нь муу байсан гэх мэдээлэл маш хурдан сошиал орчинд тархсанд Ардчилсан намын зүгээс харамсч байна. Цагдаагийн газраас энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Унасан шалтгаан юу байгааг хэлж мэдэхгүй ч өндрөөс унасан, маш их хэмжээний гэмтэл авснаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл гараад байна. Шүүхийн шинжилгээний хариун бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Харин задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр маш их хэмжээний гэмтэл авснаас амиа алдсан гэдэг дүгнэлтүүд гарч эхэлж байна" гэсэн юм.

Түүнчлэн зарим зүйлийг тодруулж мэдээлсэн.

Тухайлбал, тухайн өдөр 18.30 цагийн үед уулзалт, хурал дууссан. 18.33-18.36-цагийн үед Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаатай утсаар ярьсан. 18.35 орчимд Төрийн ордны гурван давхраар баруун зүг рүү явж байсан нь бичлэгт үлдсэн. 19.09 цагт амиа алдсан. 19.57 минутанд цагдаагийн байгууллагад анхны дуудлага ирсэн. Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан болох нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэсэн мэдээлэл байна гэдгийг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэлсэн юм.