Н.Тэгшбаяр: Үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг ажилладаг, авлигачдыг өөгшүүлдэг ийм УИХ-ын гишүүдтэй олон нийт хатуу тэмцэх ёстой

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Тэгшбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлын эхэнд "Иргэд шударга ёсыг хүсэмжилж байна. Ард түмэн шударга ёсыг хүсэмжилж байна. Гэтэл парламентад суугаа зарим этгээд, ард түмний саналыг авч сонгогдсон зарим нөхөд ард түмний эсрэг шийдвэр гаргасаар байна. Авлигачдыг өмгөөлж, хамгаалаад байна. Ийм нөхөдтэй хатуу тэмцэх ёстой. Намайг хэний тухай ярьж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр хүмүүс бол УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нар" хэмээн онцолсон юм.

Тэрбээр цааш нь "Уг нь АТГ-ынхан маш сайн ажиллаж, олон эзэн холбогдогчтой томоохон авлигын хэргийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Хөөн хэлэлцэх хугацаа" гэдэг хуулийн цоорхойг гаргаж ирээд авлигачдыг хамгаалж, өмгөөлөөд суллах боломжийг бүрдүүлчихлээ. Иймээс түүнийг эхний ээлжинд Хууль зүйн байнгын хорооны даргын суудлаас нь буулгах ёстой. Улмаар УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. Тэр хүн өөрөө ёсзүйн хариулцлагаа хүлээж олон зүйл яриад байлгүйгээр огцрох ёстой. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байна. Албаны шугамаар авсан нууцын зэрэглэлтэй мэдээллийг ийш тийш нь задруулдаг. Өөрийгөө буруугүй гэдэг. Ийм нөхөдтэй хариуцлага тооцох ёстой гэдэг утгаараа би энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар ийм хүмүүсийг улс төрийн сонгуульд нэр дэвших эрхийг хасах ёстой. Шуудхан хэлэхэд энэ хүмүүс дээрх хууль бус үйлдийг гаргаснаараа нэгдүгээрт, эх орноосоо урвасан. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд халдсан. Гуравдугаарт, тэдний энэхүү гэмт үйлдэл шударга ёсны эсрэг байсан. Дөрөвдүгээрт, авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүчийг сааруулсан, авлигачдыг өөгшүүлсэн. Тавдугаарт, өргөсөн тангарагаасаа няцсан. Зургаадугаарт, энэ хүмүүс эх орноосоо урвах эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн. Иймээс миний хувьд эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж цаашлаад АТГ-аас  шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Мөн энэ асуудлыг авч хэлэлцээч гэж УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн нарт дээрх шаардлагыг хүргүүлсэн байгаа. Энд хэлэхэд миний ярьж байгаа эдгээр зүйлийг ганц би биш маш олон иргэн хэлж байна. Тэд шударга ёсыг хүсэмжилж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр ард түмнийхээ, Үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг, авлигачдыг өөгшүүлсэн ийм этгээдүүтэй олон нийт хатуу тэмцэх ёстой. Цаашид энэ алдаагаа засахгүй бол хөөн хэлэлцэх хугацаа гэсэн хуулийн цоорхойгоос болж өөр олон авлигач хэргээс мултарч мэднэ гэдгийг онцолж байсан юм. Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан. 


-Наад асуудалтай чинь яг хэн тэмцэх юм. УИХ-ын гишүүд хууль бус үйлдэл гаргадаг. Гэвч өөрсдийгөө аваад үлдчихдэг жишээ нэг бус удаа гарсан шүү дээ. Мөн та дээрх гишүүдийг эх орноосоо урвасан гэдгийг ямар үндэслэлээр нотлох вэ?

-Эрх мэдэлтэй хүмүүс нь авлигыг өөгшүүлж, авлигачдыг өмгөөлж хамгаалах боломжийг олгож байна гэдэг нь өөрөө үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд харшилсан үйл явдал. Энэ бүх муу муухай зүйлийн үүд хаалгыг нээсэн үйлдэл учраас эх орноосоо урвасан үйлдэхүй, эс үйлдэхүй байна гэж үзэж байгаа юм. 

-Тэдгээр хүмүүсийг гэм буруутай гэдгийг та яаж тогтоосон юм бэ? 

-Тэдгээр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн үү, улс орны эрх ашигт нөлөөлсөн ноцтой шийдвэр гаргасан уу гэдгийг би биш хуулийн байгууллага тогтоодог юм. Харин би тэдний гэмт үйлдлийг тогтоохын тулд эхлээд байнгын хорооны дарга дараа нь УИХ-ын гишүүний суудлаас нь огцруулах ёстой. Дараа нь хуулийн байгууллага шалгаад тогтоох ёстой гэж хэлээд байгаа юм. Дахин хэлэхэд би тэдний гэм буруутайг нь тогтоодог субьект биш шүү. Тусгай шалгадаг хуулийн байгууллага бий. 

-Д.Дамба-Очир гишүүн би улсын нууцтай холбоотой материал өгөөгүй гэдгээ хэлсэн шүү дээ?

-Энэ асуудлыг Д.Дамба-Очир би тэгээгүй ээ гэж хэлээд шийдчихдэг юм биш. Үүнийг тагнуул, хуулийн байгууллагынхан шалгана, тогтооно. Ганц Оюутолгойн асуудал дээр ч биш өөр олон асуудал дээр ийм зүйл болдог. Эрх бүхий этгээд ажлын шугамаар улсын нууцтай холбоотой материал аваад нууц болон нууцад хамаарахгүй мэдээллийг дамжуулаад сууж байна гэдэг нь өөрөө эх орноосоо урвасан, Үндсэний аюулгүй байдалд засалхийлсэн, тангаргаасаа няцсан үйлдэл юм.