МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын хэлснээр намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэсэн шийдвэрийг гаргажээ. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын тухайд Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад "Рио Тинто" компанийн удирдлагад өгсөн гэсэн асуудалд нэр холбогдож олон хүний бухимдлыг төрүүлээд буй. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулж байгаа төдийгүй МХЕГ-ын авлига авсан албан тушаалтнуудыг чөлөөлүүлсэн. Тэдгээр хүмүүс нь Ш.Ранднаасэдтэй найз бүр нэг анги байсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл МАН-ын хяналтын хорооноос тэднийг таван жилийн хугацаанд намын дэмжлэг авахгүй байх шийдвэрийг ийн гаргажээ.