Хөдөлмөрийн салбарын нэгэн жарны түүхийг баринтагласан эрхмүүд маргааш чуулна

Монгол Улс одоогоос яг 60 жилийн өмнө хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болж байжээ.

Бүр тодруулбал, 1959 оны тавдугаар сарын 20-нд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Хөдөлмөр, цалин хөлсний товчоог анх байгуулснаар энэ салбарын түүх эхэлсэн хэмээн албан ёсоор үздэг байна. Тиймээс энэ сарын 17 буюу маргааш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн"-ийг өргөн хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Энэ арга хэмжээнд эл салбарын нэгэн жарны түүхийг баринтагласан үе үеийнхэн, хамтрагчид, нийгмийн түншүүд, олон улсын байгууллагынхан гээд 800 гаруй төлөөлөгч оролцох  бөгөөд үндэсний зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцох аж.