​Ж.Батзандан: С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

УИХ-аас байгуулсан С.Зоригийн хэргийг шалгах түр хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ-ын дэргэд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын явцад гарсан эрүүдэн шүүж, хэрэг тулган хүлээлгэсэн гэсэн асуудлаар Олон улсын парламентийн холбооны дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өчигдөр хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ. Олон улсын парламентийн холбооноос тавьж буй  хоёр хүсэлт байсан. 

Нэгдүгээрт, Олон улсын парламентийн холбооны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Монгол улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг ч харамсалтай нь гурван залуугийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорийн байгууллагатай хамтарч ярьсны хүчинд нууцаас гаргасан шийдвэрийг холбогдогч этгээдүүдэд өгөх шийдвэр гарлаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч н.Чинбат удахгүй ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх дэлхийд байхгүй. 

Хоёрдугаарт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл аваад байгаа гурван залуутай Олон улсын парламентийн холбооны шинжээч экспертүүд уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзуулаагүй. Өчигдрийн хурал дээр ярилцсаны хүчинд тэднийг уулзуулахад "хууль эрхзүйн хувьд хориглох зүйл байхгүй" гэсэн шийдвэр гаргалаа. Иймд тэдний хүсэлтийг биелүүлж байгаа тул Олон улсын парламентийн холбооны шинжээчдийг Монгол улсад хүрэлцэн ирж болно гэдгийг мэдэгдлээ. Албан бичгийг өнөөдөр явуулж байна.

Гуравдугаарт, Эрүүдэн шүүлттэй холбоотойгоор ганцхан дээрх гурван иргэний асуудал биш байна. Хэргийг мөрдөн шалгах явцдаа Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар нараас гадна олон арван иргэнийг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүсэн, дарамталсан, амь насыг нь хөнөөсөн гэдэг гомдол иргэдийн зүгээс их ирэх болсон. Ийм учраас Түр хороон дээр тухайн иргэдийг хүрэлцэн ирж бодитой мэдээллийг өгнө үү гэж уриалж байна. Түр хорооны утас 267155 гэсэн юм.

Мөн түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд "Хүний эрхийн 18 дугаар илтгэлийг УИХ-аар өнөөдөр оройхон хүмүүсийн анхаарал суларсан үеэр хэлэлцэх гэж байна. Сэтгүүлчид та бүхэн битгий анхаарлаа сулруулаарай. Та бүхний эрхийн асуудал шүү. Эрх чөлөөтэй Монгол улсад иргэдийг эрүүдэн шүүж байна шүү. Ирэх долоо хоногоос манай түр хороо хэргийн болон нууцын материалтай танилцаж эхэлнэ" гэсэн.

Түүнчлэн тэд "Монгол Улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Амгаланбаатартай холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорын байгууллагатай ярьсны үр дүнд Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг холбогдох этгээдүүдэд өгөх хүсэлт өгсөн. Үүний дагуу Ерөнхий прокурорын орлогч гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх Монголоос өөр хаана ч байхгүй. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аваад байгаа гурван иргэнтэй Олон улсын парламентын холбооны шинжээчид уулзах хүсэлт тавьсан. Хүний эрхийн байгууллагаас мөн уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байсан. Харин Түр хорооны хүсэлтийн дагуу уулзуулах болсон. Олон улсын парламентын холбооноос тавьж байсан хоёр хүсэлтийг биелүүлэх нөхцөл хангагдсан учраас Монгол Улсад ирж болно гэсэн албан бичгийг Их хурлын даргаар дамжуулан явуулж байна" гэдгийг онцолж байсан юм.