"...Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна...".

Харамсалтай гэмээр энэхүү тоон мэдээг Монгол Улсын Ерөнхийлөг Х.Баттулга хэллээ. Тодруулбал тэрбээр маргааш болох Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд болсон “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөнийг нээх үеэрээ дээрх тоо баримтыг хэлсэн бөгөөд нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж  байна гэдгээ илэрхийлсэн юм.

Маргааш болох Олон улсын гэр бүлийн өдрийг угтсан “Гэр бүлийн үнэ цэнэ” энэ удаагийн зөвлөгөөнд олон зочин төлөөлөгч ирсэн байсан. Тодруулбал, эл арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран зохион байгуулсан. Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, ХНХ-ийн сайд С.Чинзориг нар үг хэлж, цагдаа, эцэг эх, хүүхдийн төлөөллүүд гэр бүлийн өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар илтгэл тавьсан юм. 

Зөвлөгөөний үеэр гэр бүлд тулгамддаг олон асуудлыг хөндөж байсан. Түүнээс анхаарал татсан сэдэв нь гэр бүлийн хүчирхийлэл болоод түүнээс улбаатай гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байв. Мөн цаг үе, нийгмийн байдлаас шалтгаалж эцэг эхчүүд үр хүүхдэдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй нь судалгаанаас харагддаг. Тэгвэл яг энэ асуудлыг өнөөдөр болсон зөвлөгөөний үеэр ч мөн хөндөж байсан. Чухамдаа "Таны хүүхэд юу хүсэж, мөрөөддөг вэ. Үр хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд та юу хийдэг вэ" гэсэн асуултад эцэг эхчүүдийн олонхи нь "Цаг наргүй, завгүй амьдралын дунд хүүхдээ хэн болж төлөвшиж, өсөн торниж байгааг ч тэр бүр анзаардаггүй. Хоолтой, өмсөх хувцастай байлгаж, хааяадаа чихэр, жимс авч өгдөг" гэсэн нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ ийм л байдлаар анхаарал хандуулдаг. Гэв эцсийн дүндээ үр хүүхэд нь чихэр, жимс биш зөвхөн хайр халамж хүсэж байдаг юм байна шүү гэдгийг төрийн тэргүүн түүнд илгээсэн 13000 хүүхдийн хүсэл мөрөөдлөө бичсэн захидлаас харж болно гэдгийг иш татан онцолж байлаа. 

Зөвлөгөөний үеэр анхаарал татсан бас нэг зүйл нь цагдаагийн байгууллагынхны тавьсан илтгэл байсан. Тодруулбал, илтгэгчид "Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна” гэдгийг онцолж байв. Үүнээс гадна гэр бүл гэдэг тун эмзэг. Нялх хүүхдийг өдөр бүр арчилж байдагтай адил гэр бүлийн харилцааг ч мөн усалж, тордож байхгүй бол гундаж, эцэст нь үндэснээсээ сугардаг гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байсан ба гэр бүлийн харилцаа гундахын хэрээр тэнд өсөн торниж буй хүүхэд сэтгэл гутралтай, өөртөө итгэлгүй нэгэн болж төлөвшдөг аж. Тэр ч бүү хэл, хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг гэх хэлц ч бий. Иймд та хэн байна хүүхэд тань ч тийм хүн байна" гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн Цагдаагийн байгууллагад жилд 600 гаруй мянган дуудлага ирдэг аж. Өнгөрсөн жил гэхэд 625950 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 5 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч байна гэсэн үг. Дэлхийн бусад оронд 300 хүн тутмын 1 нь дуудлага өгдөг гэх статистик мэдээлэл бий. Тэр дундаа мэдээллийн ихэнх нь гэр бүлийн харилцаа. Хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд. Үндэсний статистикийн газраас 2016 онд 16,900 гэр бүл гэрлэлтээ батлуулж байсан бол 2017 онд 20,500 болж нэмэгджээ. Гэвч албан ёсны гэрлэлт нэмэгдэхийн хэрээр гэр бүл цуцлалт ч нэмэгдэж байна. Жилд дунджаар 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 4,000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ 4,000 мянга бол зөвхөн хууль ёсны гэр бүлийн салалтын тоо. Салалтын шалтгаан нь архидалт, хүчирхийлэл.

Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа суурь шалтгаан нь эцэг эхчүүдийг үүрэг хариуцлага маш сул байгаатай холбоотой. Хүүхдээ эерэг, зөв аргаар хүмүүжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Монгол гэр бүлүүд хэрхэн зөв үлгэр дууриалтай байх вэ гэдгээ сайн мэддэггүй. Иймээс “Зөв тусгал” аяны хүрээд эерэг мессэжийг иргэддээ тараая, өөрсдийнх нь үздэг, сонсдог бүх сувгаар хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, эцэг эхийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг ойлгуулахыг зорьжээ.

Эцэг эх, асран хамгаалагчид маань нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та хүүхэдтэйгээ яаж харьцана 20-30 жилийн дараа хүүхэд тань тантай яг тэгж л харьцана. Хүүхэд том байж үзээгүй. Харин та өөрөө хүүхэд байж үзсэн гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.  Тиймээс ирээдүйн амьдралаа амгалан тайван байлгая гэдэг бол, үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг бол хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлж, зөв харилцдаг байх хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. 

Дашрамд мэдээлэхэд, тавдугаар сарын 1-нээс цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд буй. Тодруулбал, энэхүү төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулж буй бөгөөд үүнийг ч төрийн тэргүүн илтгэлдээ онцолж байсан юм.