Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ингэхдээ тэрбээр "Оюутолгой"-той холбоотой асуудал болон Итгэлийн зээл мөн сүүлийн үед олныг бухимдуулаад буй махны үнийн өсөх болсон шалтгаан гээд олны анхаарал татсан бусад сэдвийн хүрээнд сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм. 

-"Оюутолгой"-д хийсэн шалгалтын материалыг "Рио Тинто" компанид өгсөн гэх асуудал яригдаж байна. Компанийн зүгээс тайлбар өгөхдөө гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн. Одоо энэ асуудлыг яах вэ? 

-УИХ дээр Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр ч асуудал яригдаж байгаа гэж ойлгож байгаа. Мөн АТГ болон бусад газарт "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой "Оюутолгой"-н гэрээний дараа үүссэн авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээлэл байна. Авлига авч байсан байж болзошгүй хүмүүс нь тухайн үед гэрээ байгуулахад оролцсон, гарын үсэг зурсан хүмүүс зарим нэг компанид давуу эрх олгох хэлцэл болсон байж болзошгүй гэсэн хардах үндэслэл үүссэн гэж ойлгосон. Одоо тэдний нэрийг нь хэлэх боломжгүй. Тэр бүх дүгнэлт Засгийн газарт ирнэ. Засгийн газарт ирсэний дараа Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Мөн Оюутолгойн удирдлагуудтай Засгийн газрын зүгээс уулзаж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ яриад албан ёсны дүгнэлтийг Засгийн газраас гаргах боломжтой. Тиймээс УИХ яаралтай шалгалтынхаа материалыг хэлэлцээд Засгийн газарт ирүүлэх ёстой. Засгийн газар нь ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна. 

-Авлига авсан гэх хүмүүс нь Засгийн газрын гишүүд үү, УИХ-ын гишүүд үү? 

-Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Жишээлбэл, давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэсэн асуудлууд бий. 

-Ажлын хэсгийн дүгнэлтийг "Рин Тинто" компанид өгсөн хүн нь Д.Дамба-очир гишүүн. Түүнд хариуцлага тооцох уу?

-Тэр бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Д.Дамба-Очир гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагыг харахад албан ёсоор тайлбар авах хүсэлт тавьсны дагуу өгсөн гэсэн. Түүн дотор нь ямар материал байсан, байнгын хороо өөрсдөө шийдсэн,  УИХ-ын даргын эсвэл хэн нэгний зөвшөөрөлтэй өгсөн эсэх дээр надад албан ёсны мэдээлэл алга. Ер нь бол "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой олон газар шалгалт явж байсныг АТГ дээр нэгтгэсэн бол УИХ өөрсдөө бас нэг ажлын хэсэг байгуулж ажилласан. Тэгэхээр одоо энэ дүгнэлтүүдийг нэгтгэж, УИХ-ын дүгнэлт ирсний дараа Засгийн газар шийдвэрээ гаргана.

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэг авсан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү. Үнэн бол ямар хариуцлага тооцох вэ? 

-Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан байсан. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Миний хувьд уржигдар хууль хяналтын байгууллагын зарим удирдлагууд руу утасдаж асуусан. Одоогоор иймэрхүү асуудал тогтоогдсон зүйл алга гэж хэлсэн. Албан ёсоор хуулийн байгууллагад ямар нэгэн баримт мэдээлэл очоод шалгагдсан зүйл байхгүй байгаа юм билээ. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас цаашид нягтлаад явах байх.. 

-"Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цаашид тус үйлдвэрийн 49, 51 асуудал юу болох вэ?

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь санхүүгийн луйвар байсан уу эсвэл гэдэг асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнтэй холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. ЗГХЭГ-аас ямар хохирол учирсан бэ гэдгээ тогтоож, хуулийн байгууллагад өгсөн байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд авч болох бүх ажлаа хийсэн. Засгийн газар онц дэглэм тогтоож ажиллах шийдвэр гаргасан. Түүний дагуу ажлаа үргэлжлүүлж байна. Стандарт банктай холбоотой өрийн асуудлыг төлсөн. Одоо Стандарт банктай холбоотой хохирлыг Ш.Батхүүгийн өмчлөлд байсан хөрөнгийг хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох хүсэлтийг хуулийг байгууллагад хүргүүлсэн.

-Ш.Батхүүгийн хөрөнгө хэд орчим төгрөг болох бол. Өрийг нь төлөх боломжтой юу?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор 40 сая ам.доллар хангалттай хүрэх хэмжээний хөрөнгөтэй байсан ч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн байсан.

-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Засгийн газар хяналтгүй болчихлоо гэдэг шүүмжлэл маш их байгаад байна?

-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна. Захиргааны хэргийн хэдэн авлигжсан шүүгчдээс болж төрийн ажил явахгүй, олон лицензийн асуудал замбараагүй байсан.Тиймээс энэ хуулийг гаргахаас өөр аргагүй. Энэ хуулийн зохист хэрэглээг авах хэрэгтэй. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн мэдээлэлтэй байгаа. Хэрэв хориг тавьсан тохиолдолд бид дахин судалж, хуулиа илүү боловсронгуй болгоно байх.

-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Хөгжлийн банкны шалгалтын дүн гарч байгаа. Шалгалтын тайлан, нэмэлт тайлбарыг нэгтгэж, Хөгжлийн банкин дээр бондуудын зарцуулалт гэхэд ямар ямар төсөлд санхүүжилт олгосон, ямар нэг хууль бус зүйл байсан уу гэдэг лист гаргаж, хуулийн байгууллагад хүргүүлж байгаа. Мөн Хөгжлийн банк эдийн засгийн тэргүүлэх салбарыг бий болгох зорилготой байсан ч зорилгоосоо ухарч арилжааны банктай адил үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй зээл гаргахгүй, Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулна. Мөн зээл авснаас хойш зээлээ төлөөгүй байгаа чанаргүй зээлүүдийг олон нийтэд зарлана. Бид тодорхой хугацаа өгч, тэр хугацаанд эргэн төлөлт хийгдэхгүй бол хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө. Түүнээс гадна Хөгжлийн банкны удирдлагыг солихоор 5-6 хүнээс сонгохоор ажиллаж байна.

-Зүүн баян чиглэлийн төмөр зам барих шийдвэрийг Засгийн газраас өгсөн. Гэвч зарим судлаачдын зүгээс Зүүн баян руу явах нь буруу гэж шүүмжлээд байна?

-Төрөөс төмөр замын талаар авах бодлого гэж баталсан бөгөөд үүний дагуу ажил хийж байна. Төмөр зам барихдаа гадны компаниудаас ТЭЗҮ авч, танилцаж үзэхэд зардал нь бага, монголчууд өөрсдөө хийж байгаа нь зөв гэж бодож байгаа. Бид улс орны эдийн засаг, төлөвлөлтийн асуудал дээр нэгдсэн байр суурьтай баймаар байгаа юм. Эдийн засгийн болоод урт хугацааны төлөвлөгөө алдагдсан юм болов уу гэж боддог.

-Иргэдэд "Итгэлийн зээл" олгохыг танай намынхан дэмжлээ. Энэ хэр бодит ажил хэрэг болж чадах вэ? 

-УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн бариад Засгийн газарт өгсөн. Ямар арга замаар шийдэх үү гэдгээ Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаараа шийднэ. Эдийн засгийн тооцоолол, ямар эх үүсвэрээс гарах вэ гэдгийг нягталж үзэж байна

-Хан-Уул дүүргийн 15-р сургууль дээр 500 гаруй  хүүхэд сүрьеэ өвчний тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна?

-Би маргааш өглөө салбарын сайдтай нь хэд хэдэн сургууль, байгууллага дээр очиж ажиллана. Газар дээр нь ажиллана. Түүний дараа мэдээлэл өгнө.

-Мах, шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх шалтгаан болоод байна. Ер нь Засгийн газар инфляци нэмэгдүүлэхгүй байх, үнийн нэмэгдлийн асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Засгийн газар удахгүй энэ асуудлаар ярилцана. Махны бизнестэй, холбоотой, хамтарч ажилладаг, нөлөө бүхий хүмүүс махны зохион хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирсэн. Үүн дээр Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт мэдээлэл өгнө гэсэн. Түүний дараа шаардлагатай бол мэдээлэл өгнө. Ер нь бол улсын нэгдсэн төсөв нэмэгдсэн, эдийн засаг харьцангуй макро түвшинд нэмэгдэж байгаа учраас юмны үнэ савлах нөхцөл үүссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Засгийн газар дараагийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Инфляци, мөнгөний бодлого зэргийг Монголбанкны удирдлага ярих байх.