Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьегээр өвчилжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвчилсөн гэх асуудал яг одоо олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, тус сургууль нийт 1710 сурагчтай бөгөөд тэднээс 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдсан. Мөн тэдгээр хүүхдүүдийн 38 нь эм ууж эхэлсэн  гэх мэдээлэл олныг бухимдуулаад байгаа юм. Мөн сургуулийн удирдлагууд болон эрүүл мэндийн байгууллагынхан хүүхдүүд өвдсөнийг мэдэж байсан. Үдийн цайнд нь нууцаар эм хийж өгч байсан гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд хамгийн ноцтой нь энэ асуудал 2015 оноос хойш яригдсан гэх. Тэгвэл дөнгөж сая эл асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Д.Сарангэрэл: Тус сургуулийн нэг багш, 38 хүүхдэд  сүрьеэ илэрсэн гэх онош гарсан

Тэрбээр “Бид өчигдөр энэ асуудлаар хуралдсан. Яг одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн асуудал дээр албаныхан ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд тус сургууль дээр сүрьеэ өвчний халдвар гарч, ХӨСҮТ хяналтандаа авч хүүхдүүдийг оношилсон байна. Одоогоор сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдийг эхний ээлжинд оношлоод эмчилгээ эхлэх гэж байна. Эцэг эхчүүд эмчилгээний асуудалд эмзэглэж байна. Яагаад гэвэл сүрьеэгийн эмчилгээ хийлгэх нь хүнд, эмийг нь уухаар элэг гэмтээдэг гэсэн ойлголттой байна. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд нэг багшид сүрьеэ илэрсэн гэх онош гарсан байгаа" гэсэн юм. Мөн сэтгүүлчийн өвтэй хүнийг эдгэрсэн гэсэн бичгийг ХӨСҮТ-ийнхөн хийж өгсөн юм биш үү. Мөн хүүхдүүдийн иддэг үдийн цай гашуун байсан. Нууцаар эмчлэх гэж эм өгдөг байсан гэж эцэг эхчүүд нь ярьж байна" гэсэн асуултад "Эмчилгээний асуудлаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж ойлголцохоор ХӨСҮТ-ийн багийг Нийгмийн эрүүл мэндийн багийнхан сургууль дээр ажиллаж байна.  Сүрьеэгийн өвчтэй багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарсан гэх бичгийг хийж өгнө. Өвчтэй багшийг ажилд авсан гэх асуудлыг салбарын яам хариуцахгүй. Мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн гэх мэдээлэл алга. Нуух шаардлага байхгүй. Харин эсрэгээрээ сургууль дээр ХӨСҮТ-ийн эмчилгээ тандалтын багийнхан ажиллаж байна. Хэрвээ ХӨСҮТ-ийнхэн халдвартай багшид эдгэсэн эрүүл гэсэн бичиг хийж өгсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно. Харин тэр багшийг томилсон гэх асуудал салбарын яамтай хамаагүй” гэсэн хариултыг өгсөн юм. 

Ё.Баатарбилэг: Хаана ямар хариуцлага алдсаныг тогтоосны дараа хариуцлагын тухай яригдана

Мөн энэ асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тайлбар өгсөн. Тэрбээр  “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сургуулийг карентин тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Олон нийтийн дунд явж байгаа мэдээлэлд үндэслэн дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиралтай холбогдон мэдээлэл авсан. Тэндээс баг ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байгаа. ЭМЯ холбогдох мэдээллийг хийж байгаа. Цаашид хэрхэх асуудал шийдвэрлэгдээгүй байна. Боловсролын салбарт байгаа асуудлын нэг нь сургуулийн орчин нөхцөл нь нэг ангид 30-40 хүүхэд хичээллэж байгаа. Эмч нарын баг сургууль дээр ажиллаж байгаа. Хаана ямар хариуцлага алдсаныг тогтоосны дараа хариуцлагын тухай яригдана”  гэлээ.