ОБЕГ: ЭНЭ САРЫН 14,16-НД БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Дундговь, аймгийн нутгаар 18-20 метр секунд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурсан.

 Цаг агаарын энэхүү аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтайгаа цасанд суусан талаарх 20 гаруй дуудлагын дагуу Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллажээ.

Мөн орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагатай хамтраад 64 иргэнийг осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж, амь насыг нь авран хамгаалсан байна. Үүнээс гадна цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд сумын хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд гурван иргэн, мөн тус аймгийн Сэврээ суманд нэг иргэн малдаа яваад шуурганд уруудаж осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тэгвэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр цаашид буюу энэ сарын 14,16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ. Иймд, 

  • Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Малаа ойрын бэлчээрт хариулах,
  • Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.