Э.Эрдэнэжамъян: АТГ болон Тагнуулынхан Д.Дамба-Очирыг шалгаж, хариуцлага тооцох ёстой

Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт хариуцлага тооцохыг шаардлаа. Ингэхдээ тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Оюутолгойд хийсэн шалгалтын материалыг тус компанид өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуульд зааснаар улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг. Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэмт хэрэг.  Энэ хүн 2016 онд Оюутолгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюутолгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй" хэмээсэн юм.

Тэрбээр цааш нь "Өнгөрсөн жил "Оюутолгой" компаниас замын тeндeр авсан нэрээр ажлын хэсгийг ахлагчаас нь татан буулгаж байсан. Д.Дамба-Очир гишүүн ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр ажлын хэсгийн нууцыг задруулсан нь маш ноцтой. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хороогоо хуралдуулж Д.Дамба-Очирт  хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг Тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гишүүний Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэх ёстой. АТГ ч шалгах хэрэгтэй” гэсэн бөгөөд цаашид МАХН-ын зүгээс  шударга ёсыг сахиулах  улс төрийн шаардлагыг үе шаттай тавихаа мэдэгдэж байна гэсэн юм. 

Дашрамд мэдээлэхэд УИХ-аас Оюутолгойн гэрээ болон  Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн жил  байгуулсан. Энэ ажлын хэсэгт улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон төдийгүй ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явсан. Тодруулбал, тус ажлын хэсгийнхэн байгуулагдсан цагаасаа эхлэн  өнөөдрийг хүртэл ямар асуудал хэлэлцэж байгаа, юуг шалгаж байгаа нь улсын нууцын зэрэглэлтэй явж ирсэн төдийгүй энэ нь хувь хүн, аль нэг  байгууллагын нууц биш улсын нууцад хамаарна. Гэтэл эл нууц матeриалыг Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир задруулсан нь өнөөдөр олны бухимдлыг төрүүлээд буй юм. МАН-ын бүлгийнхэн түүнийг улсын нууц задлаагүй хэмээн мэдэгдээд байгаа бол Тагнуулын байгууллагынхан ажлын хэсэг гаргаж энэ хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм.