ХНХЯ: Тэтгэврийн хангамжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэв

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Тэтгэврийн хангамжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх ажлын хэсгийн шинжээчдийн гурав дахь удаагийн хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-26-нд Казахстаны нийслэл Нур-Султан хотноо боллоо.

Тус улсын Хөдөлмөр ба хүн амын нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болсон хуралдаанд Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол Улсаас БНКазУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Казахстаны талаас Хөдөлмөр ба хүн амын нийгмийн хамгааллын яам, “Иргэдийн төлөөх төр” улсын корпорацийн төлөөлөгчид оролцож хоёр улсын хооронд хийх Тэтгэврийн хангамжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.

Талууд хоёр улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал ба хэтийн чиг хандлага, төлвийн талаар мэдээлэл солилцоход Бүгд Найрамдах Казахстан Улс дахь тэтгэврийн хангамжийн тухай хуульд тус улсад байнга оршин суух зорилгоор хүрэлцэн ирсэн уугуул казахуудын бусад улс орон дахь хөдөлмөрийн үйл ажиллагааны хугацааг тэтгэвэр тогтоох ажилласан жилд тооцохоор болсон хэм хэмжээг оруулсан тухай мэдэгдэж байсан бол Казахстаны талын хүсэлтээр Монгол Улсад ажилласан жилийг баталгаажуулах /шаардлагатай тохиолдолд/ хүсэлтийн маягтуудыг тодорхойлох хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу ашиглаж буй зарим маягтыг Монголын төлөөлөгчид танилцуулсан. Ажлын хэсгийн шинжээчид Тэтгэврийн хангамжийн тухай хэлэлцээрийн төсөлд Монголын талаас ирүүлсэн саналыг хэлэлцэн, цаашид хэлэлцээрийн төсөл дээр үргэлжлүүлэн ажиллах, Казахстаны тал хэлэлцээрийн төсөлд өгөх саналаа ирэх зургадугаар сарын 15-ны дотор хүргүүлэх, талууд Тэтгэврийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцох, шинжээчдийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг энэ оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотноо хийж, хуралдаан болох хугацаа, газрыг дипломат шугамаар харилцаж товлохоор тохиролцов.

эх сурвалж: http://mlsp.gov.mn