УЕПГ: Олон нийтийн анхааралд орсон хэргүүдийг хянаж, шалгаж дуусч байна

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн олны анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг хянаж, дуусч байгаа ажээ.

Энэ тухай УЕПГ-аас албан ёсоор мэдээлсэн бөгөөд "Олон нийтийн анхааралд ороод байсан хэргүүдийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дүгнэлт хийх, цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд олон зуун үйлдэл бүхий ээдрээтэй хэргүүдийг хянасан бөгөөд тэдгээр хэргийн заримаас ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр болсон байна.  Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн даалгавар, чиглэлүүдийг  холбогдох байгууллагуудад өгөхөөр болжээ. Эрүүгийн тодорхой хэрэг бүрийн талаар шүүхээр шийдвэрлэсэн даруйд Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлж  байх  болно" гэжээ.

Дашрамд мэдээлэхэд одоогоор нийгэмд дуулиан үүсгээд байгаа хэд, хэдэн ноцтой хэрэг бий. Тодруулбал,“60 тэрбум”, "Оюутолгой"-н гэрээ, ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүд болон эрх бүхий албан тушаалтнууд мөн Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүд, оффшор бүсэд мөнгө байршуулсан, АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулагдсан хөрөнгөтэй холбоотой хэргүүдийг хуулийнхан шалгаж буй юм.