Дохио!!! Тавдугаар сарын 14-нийг хүртэл нийт нутгаар нойтон цас орж, шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр говь талын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байнна. 

2019 оны 05 дугаар сарын 10-ны 20 цагаас 05 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.