ТЕГ-ын дарга Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор боллоо

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрынхан хойшлуулашгүй ажиллагаа явуулан саатуулсан бөгөөд улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гаргасан. 

Тэгвэл Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр хуралдаж түүнийг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн Хэвлэлийн албаныхан "Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэсэн" гэсэн тайлбарыг өглөө.  

Сануулахад Б.Хурцыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд түүнийг өнөөдрийг хүртэл мэдүүлэг өгөөгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.