Б.Хурцыг хорих хугацаа энэ пүрэв гарагт дуусна

Эрүүгийн цагдаагийн газраас хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн  сарын 23-нд хойшлуулашгүй ажиллагаа явуулан саатуулсан.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан юм. Түүнийг хорих болсон үндэслэл нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлээд буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэмээн буруутгаж буй бөгөөд одоо Б.Хурцаас гадна ШШГЕГ-ын хоёр ажилтан, Тагнуулын байгууллагын гурван хүнийг цагдан хориод байгаа. Гэвч тэднийг шалгах явцад Б.Хурц ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан. Одоо тэднийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна. 

Мөн Б.Хурцыг цагдан хоригдох хуулийн хугацаа энэ сарын 9-ний өдөр буюу пүрэв гарагт дуусч байгаа аж.