АН:  Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өссөн

АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь тус Зөвлөл өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Үүнд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцитай холбоотой ард иргэдийн амьжиргааны талаар мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

Энэ тухай Д.Эрдэнэбат гишүүн "Өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр өдөр бүр өсөн нэмэгдэж, дундаж орлоготой айлын амьдрал улам доошилж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлалтад орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байна. Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өссөн. Энэ нь инфляцид маш их нөлөөлж байна. Мөн махны экспорт өсч байгаа нь сайн хэдий ч үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд хатуу нөлөөлсөн. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2015 оны наймдугаар сарын 07-нд баталсан. Тус хууль хэрэгжсэний дараа 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2,5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл юм. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан. Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш. Бондын зарцуулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн дээр байх" гэсэн юм.