МАН-ын бүлэг Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжжээ

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох болон байнгын хороо дарга нарыг хэлэлцсэн байна. Улмаар Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг тус бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжжээ.

Ингэснээр энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар нэр дэвшигчийг Ерөнхий аудитороор томилохыг хэлэлцэн батлахаар болж байна. 

Д.Занданбатын тухайд Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин өмнө нь Ерөнхий аудитроор ажиллаж байсан Д.Хүрэлбаатарын тухайд түүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдсоноор ажлаа өгөх нь тодорхой болоод байсан юм.   

Түүнчдэн өнөөдөр байнгын хороод хуралдаж дарга нараа өөрчлөх аж. Учир нь УИХ-ын байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сард дууссан ч өнөөдрийг хүртэл шинэ дарга нарыг томилоогүй байсан юм. Тиймээс өнөөдөр байнгын хороод шинэ дарга нараа сонгох шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргажээ.