Ерөнхийлөгч УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар санал солилцлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн сануулсан бөгөөд талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.

Мөн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эрүүгийн хуульд хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийсэн.

Тэдний мэдээлснээр 2018 онд улсын хэмжээнд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж 487 хүн хохирчээ Хамгийн харамсалтай нь эдгээрийн 238 нь хүүхэд байсан аж. Мөн хүчингийн гэмт хэргийн хохирогч нь хүүхэд болж тоо нь нэмэгдэж байгаа нь сэтгэл сэртхийлгэсэн аюултай зүйл гэдгийг ч тэнд онцолсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн гаргаж байгаа талаар байнга ярьдаг ч  тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Гэвч ялын бодлогод тодорхой ач холбогдол өгч чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж үзэж байна. Мөн Өршөөлийн хуулиар хүчингийн хэрэг хийсэн хүмүүс маш амархан суллагддаг. Тиймээс цаашдаа ямар ч төрлийн өршөөлийн хуульд хүчингийн хэрэг хийсэн хүмүүсийг хамруулдаггүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар ярьж байна. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийнхээ хүрээнд гарч байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг илүү чангатгах шаардлага тулгарч байна. Мөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс татгалзсан эцэг, эхчүүдэд тооцох хариуцлагыг чангаруулах нь зүйтэй гэж  үзэж байна. Хүүхдээ өсгөж, тэжээхээс татгалзаж байгаа эцэг, эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан өмнөх заалтыг сэргээх  шаардлагатай байгаа. УИХ-ын бүх гишүүд уг хуулийн төслийг зайлшгүй дэмжих ёстой" хэмээсэн юм.