УИХ-ын гишүүн С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсч байгаагаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа бодлогын эсрэг ажилласан "хэргээр" АН-аас хөөгдсөн. Иймээс дээрх гишүүд нийлж цоо шинэ улс төрийн нам байгуулахаар болсноо мэдэгдэж, "Бид шударга ёсны төлөө Монголоо аврана" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл дээрх гишүүд дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Улмаар тэдний байгуулсан намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсч байгааг албан ёсоор мэдэгдсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэнийн санал хүсэлтүүдэд дарагдлаа. "Шударга гишүүн таны улс төрийн ганцаардлыг хажуунаас харж халаглаж суух юм" гэсэн мессэж их ирсэн. Ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй гэж үг бий. Улс төрд ганцаардал гэдгийг их амслаа. Хэцүү зүйл юм байна. Шинэ намд элсэх нь нэг талдаа нийгмийн захиалга, нөгөө талдаа энэ хоёр хүн санал тавьсны дагуу удаан бодсоны эцэст элсэхээр боллоо. Тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая гэж зориг шулуудлаа. Шударга иргэдийн эвсэл буюу шинэ эвсэлд нэгдэж орж байгаагаа би албан ёсоор зарлаж байна. Цаашдаа олон ажил хийх болно” гэжээ.