Ш.Ранднаасэд: 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар АТГ-ын удирдлагуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр өчигдөр АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын хэлсэн үг яах аргагүй олны анхаарлын төвд орсон нь анзаарагдаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд

"Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулган хэлбэрээр долоохон зүйлтэй хуулийг баталсан. Энэ бол татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө. Энэ мөнгийг хууль батлуулаад хууль ёсны болчихлоо гэж бодож байгаа. Материалыг нь тагнуул дээр аваад хадгалчилсан. Үзүүлдэггүй. Гэхдээ энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү. Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой. АТГ-ын дарга Х.Энхжаргал ХЗБХ-ны хуралдаанд "ТЕГ-аас мэдээлэл авч чадахгүй байгаа учраас энэ асуудалд явж чадахгүй байна" гэсэн. Тэгэхээр шинээр томилогдох дарга нар энэ үйлдлийг нь ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Улстөрчдөд энэ байгууллагыг татан буулгачих юмсан гэсэн бодол үеийн үед байсаар ирсэн. Одоо ч байгаа" хэмээсэн юм.

Түүнчлэн өчигдөр Х.Энхжаргал дарга "Бүх зүйл нийтэд ил тод байсан учраас намайг ажилласан хоёр жил 10 сарын хугацаанд ямар байсныг олон нийт мэдээллээс авсан байх. Авлигын индекс 93 болсон. Хамгийн их саад болсон зүйл бол баахан бондуудыг гаднаас зээлж аваад түүнийгээ тараасан. Ингээд Өршөөлийн хууль гаргаад 33 их наяд төгрөгийг өршөөсөн. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг унагаасан. Анхаарал татсан хэргүүдийг шалгаад гайгүй үр дүнд хүрсэн гэж бодож байна. 10-аад хоногийн өмнө Оюутолгойтой холбоотой хэргийг  хүргүүлсэн. Энд маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Үүнийг шалгах явцад үндэстэн дамнасан корпорациудтай нүүр тулсан. Төр ажлаа авах гээд хоёр залуу томилуулах гэж байгаа учраас энэ ажлыг цааш үргэлжлүүлэх ёстой гэж хэлмээр байна" хэмээсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус компанийн удирдлагууд  хүртэл мэдэгдэл хүртэл хийгээд байгаа юм.