Чуулган: С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны даргаар Ж.Батзанданг сонголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэцсэн.

Тодруулбал, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий  Түр хороо байгуулсан. Түр хороо өчигдөр анхны хуралдаанаа хийсэн бөгөөд хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан. Ингээд Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар түр хорооны гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэх саналыг гаргасан. Тэгвэл дээрх саналыг чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар сонгохыг гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ.

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж буй юм.  

Түүнчлэн яг одоо Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг байнгын хорооны  гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтоод байсан юм.