Н.Алтанхуяг: С.Эрдэнэ ээ чамд АН-ын дарга байх эрх байхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх болсон үндэслэл нь өнгөрсөн долоо хоногт АН-ын Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос түүнийг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ. Ингэхдээ түүнийг намын даргаар ажиллаж байх хугацаандаа намын байр зарсан, намын хөрөнгөөр машин авсан хэмээн буруутгаж байгаа аж. Харин Н.Алтанхуяг үүнийг 2016 оноос хойш явуулсан гүтгэлэг хэмээн үгүйсгэсэн юм.

Тэрбээр “2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН мафийн толгойгогч гэж зарласнаас хойш амар заяа үзсэнгүй. С.Эрдэнэ АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний сэтгэлээр тоглож байна. С.Эрдэнэтэй үзэл бодол нийлээгүй УИХ-ын гишүүд битгий хэл намын жирийн гишүүнээ хөөдөг болсон. Ингэснээр нам хохирч, УИХ-д бүлэггүй боллоо. Цаашид АН-ыг шинэчлэхийн тулд орон нутаг, аймаг, сум, дүүргийн бүх гишүүдийг "АН нэгдэл"-д нэгдэхийг уриалж байна. Бид нэг С.Эрдэнэ байтугай 1990 онд Монголын нийгмийг яаж өөрчилсөн билээ. Хулгайч дээрэмчдээр удирдуулж, тэдний дохио зангаагаар хөдөлдөг цаг хоцорсон" гэсэн юм.
Мөн тэрбээр "Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нар аа. Та нарт АН дэндүү томдоно шүү. АН чинь Монголын нийгмийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох түүчээг эхлүүлэх ёстой нам. Та хоёр энэ нам руу хуруу, хумсаа бүү дүр. С.Эрдэнэ ээ, би чамайг дэндүү сайн мэднэ. Чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа боль. Хүн гүтгэдгээ боль. Чамд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна аа" хэмээн мэдэгдлээ.