Х.Энхжаргал: Оюутолгойтой холбоотой хэргийг 90 гаруй хувьтай шалгаж байгаа. Үүнийг цаашид ч сайн шалгаарай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон. Улмаар хурлын эхэнд Хүний эрхийн комиссын илтгэлийг хэлэлцэх байсныг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж харин АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “АТГ-ын удирдлагыг томилох асуудалтай зэрэгцэн чөлөөлөх асуудал хамт орж ирж байна. Тиймээс одоогийн удирдлагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг нь манай байнгын хороо сонсох шаардлагатай байх” гэсэн саналыг илэрхийлсэн.  АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн саналд АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа учраас тэдний оронд АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нарыг томилохыг тусгаж байна гэсэн юм. Ингээд АТГ-ын  дарга Х.Энхжаргалыг  албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ үеэр АТГ-ын дарга тодорхой мэдээллийг өгсөн. Тэрбээр "Гадны улсаас бонд зээлж аваад үрчихсэн 33 их наяд төгрөгийн хэргийг 2015 онд Өршөөлийн хууль батлаж өршөөсөн. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олж зарцуулсан 33 их наяд төгрөгийн хэргээ цайруулсан нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг харлуулсан. Би энэ газрын даргаар ажилласан хоёр жил арван сарын хугацаанд ноцтой хэргүүдийг шалгаж үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш чухал баримтуудыг арваад хоногийн өмнө өгсөн. Энэ бол бидний шалгасан хамгийн том хэрэг. Хэргийг шалгах явцад үндэстэн дамнасан корпараци, эдийн засгийн хөрөнгө мөнгөний асуудалтай нүүр тулсан. Тэгэхэд "Танай Монгол үүнийг ойлгох юм уу. Шалгах юм уу" гэдэг байдлаар хандаж байсан. Бид үүнийг сайн шалгасан. Цаашид ч шалгах хэрэгтэй шүү. Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр 15:00 цагт УЕП-той уулзана. тэгэхдээ гурван боть бүхий 69 хэргийг шалгасан материалаа өгнө. Оюутолгойн хэргийг 90 гаруй хувьтай шалгаж байгаа. УЕП-т давхар маш нууц хматериал танилууцлсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Энэ дээр л гэол авлигын индекс яригдаж байгаа" гэсэн юм

 Үүний дараа Х.Энхжаргал даргаас сэтгүүлчид  дараах тодруулгыг авсан юм. 

Та албан ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа хуулийн дагуу гэж үзэж байна уу?

-Мэдэхгүй. Төр ажлаа авч байна. Би өгнө.

Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудлаар маргаан үүсч байгаа юм билээ?

-Төрийн асуудал, миний асуудал биш.

-Та ажлаа өгөхөөсөө өмнө шалгаж байсан томоохон хэргүүдийнхээ талаар мэдээлэл хийх үү?

-Үгүй.  Томоохон хэргүүдийн талаар би мэдээлэл өгөхгүй.  Прокурор мэдээлэл өгөх ёстой.

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хамаарах хэрэг  юу болсон бэ?

-Бүгдийг нь шалгаж байгаа.

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын асуудал юу болж байна вэ?

-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Та  АТГ-ын даргын албан тушаалд томилогдоод хэр сайн ажилласан гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Хэлж мэдэхгүй байна гэсэн юм. 

Тэрбээр ийн хариуллаа. Мөн түүний Хууль зүйн байнгын хорооны хурад дээр хэлсэн үгийг хүргэж байна.