Иргэд ХЗХ-нд бус Санхүүгийн зохицуулах хороонд

Монгол Улсад өдгөө 279 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Хадгаламжийн өндөр хүү амлаж, иргэдийн хөрөнгийг хадгалах нэрийдлээр санхүүгийн луйвар хийдэг гэх асуудал яригдсаар олон хаврыг үдсэн. Чихэн дээр цэцэг ургуулж байсан ХЗХ-д дампуурч, хүний амиар төгссөн харамсалтай жишээ ч бий. Хамгийн ойрын жишээ гэхэд, “Монкорд” ХЗХ дампуурч, 3000 гаруй хохирогчийн 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

ХЗХ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог газар нь Санхүүгийн зохицуулах хороо. Хадгаламж зээлийн хоршоодод гэхээсээ илүүтэй төр, төрийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд итгэж мөнгөө хадгалуулсан ч, эцэст нь гудамжинд гар хоосон үлдлээ хэмээн хохирогчийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд үгээ баран суув.

Өргөдлийн байнгын хорооноос санаачлан Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2.5, мөн тус хуулийн 24.1, 25, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 56 зүйлд заасны дагуу СЗХ нь ХЗХ-шдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Энэ дагуу 2018 оны 12 сар, 2019 оны 3 сард албан тоотоор бичиг хүргүүлж байсан. Улмаар тодорхой хариултч  авсан. Иймээс авсан мэдээлэл, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол цаашид ХЗХ-ны салбарт авах арга хэмжээтэй холбоотойгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг хийж байна” хэмээлээ.

“Монкорд” ХЗХ-той холбоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул нарийн тоон мэдээллийг асуухгүй, бас хариулахгүй байхыг хуулийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга хэлэлцүүлэгт оролцогчдоос хүссэнийг мөн тэрбээр танилцуулсан.

Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын Санхүүгийн зохицуулах хорооны ХЗХ-ны асуудал эрхэлсэн дарга Алтантуул мэдээлэл хийв. УИХ-аас 2005 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталжээ. ХЗХ-ны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг олгох болжээ.

2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2018 оны байдлаар 279 болсон. Үүнээс Улаанбаатар хотод 176, орон нутагт 103 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгийн хэмжээ 200 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хоршоодын 90 хувь буюу 252 хоршоо 141.5 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, салбарын хэмжээнд 133.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь нь 4.5. Харин хоршооны салбарын цэвэр ашиг 5.3 тэрбум төгрөгт хүрчээ.

ХЗХ-дын гишүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2018 оны жилийн эцсийн байдлаар 62556 болжээ.  Үүнээс 51.5 хувь нь хадгаламж эзэмшигч, 47 хувь нь зээлдэгч гишүүн.

Орон нутгийн тухайд Орхон, Баян-Өлгий, Завхан аймагт хоршооны төвлөрөл их. Харин Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Говьсүмбэр аймагт нэг, нэг хоршоо үйл ажиллагаа явуулдаг. СЗХ-ноос ХЗХ-дод хяналт, шалгалтыг зайны болох газар дээрх гэх байдлаар хийдэг.

Дээрх танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдэж байна. Иймэрхүү  танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл солилцох гэж өнөөдрийн хэлэлцүүлгийг хийгээгүй. Харин бодит нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. “Монкорд” бол нэг л жишээ. Ер нь ХЗХ-дын тоо 2014 оноос хойш борооны дараах мөөг шиг асар хурдтай олширсон. Мөнгөө хадгалуулж байгаа иргэдийн тоо ч эрс өссөн.

Арилжааны банны зээлийн хүү 17.8 хувь. Гэтэл Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай. Дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүү байгаа учраас иргэд хошуурч байна. Гэтэл тэнд эрх зүйн ямар ч хамгаалалт алга. Үүнээс болж иргэд хөрөнгөөрөө хохирч, хүнд нөхцөл байдалд орж байна.

-“Монкорд” ХЗХ-ны хохирогчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байыгууллагын төлөөлөл Өлзийсайхан: Хохирогчдын зүгээс СЗХ-нд  ганц л асуулт тавьдаг юм.  СЗХ-ны Эрх зүйн байдлын тухай хууль, ХЗХ-ны тухай хуульд заасан эрхээ яагаад хэрэгжүүлээгүй юм бэ. Үүнээс үүдэж өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв тэд эрх, үүргээ биелүүлсэн бол ийм байдал үүсэхгүй, иргэд хохирохгүй байсан. СЗХ-н дээр яваад очихоор Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн яг л ийм мэдээлэл өгдөг. Улсын хэмжээнд 280 гаруй ХЗХ бий. 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал, 62500 гишүүний тухай яригдаж байна. Энэ гишүүдийн эрх ашиг хаана явна. Бид ХЗХ-нд гэхээсээ төрд итгэсэн. Тэр дундаа СЗХ-нд. Гэтэл итгэж байгаа төрийн байгууллага болох СЗХ-ны байж байгаа царай нь энэ.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  СЗХ-нд хэдэн удаа хандсан. Тэр хугацаанд тодорхой арга хэмжээ авч чадсан эсэхэд тодорхой хариулт өгнө үү?

-“Монкорд” ХЗХ-ны хохирогчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байыгууллагын төлөөлөл Өлзийсайхан:  Удаа дараа хандсан. Өчигдөр л гэхэд бөөн юм болж С.Даваасүрэн даргатай уулзсан. СЗХ-ноос бид хохирол барагдуулах биш хариуцлага нэхсэн. Хуулиар хүлээсэн эрх, үүргээ яагаад хэрэгжүүлж ажиллаагүй юм. Үүнээс болж иргэд хохирч байна. Бидний араас орох 62 мянга гаруй иргэн байна гэсэн үг. Хамгийн муухай нь хүүхдийн хадгаламж дийлэнх нь. Хүүхдийнх нь сэтгэхгүй дээр тоглодог. Ийм байхад СЗХ өөгшүүлээд толгойг нь илээд сууж байх жишээтэй. “Монкорд”-ын үйл ажиллагаа 2016 онд доголдчихсон байхад 2017 онд хэвийн гээд дүгнэлт гаргачихсан.

-УИХ-ын гишүүн А.Сүхбат: СЗХ 2012-2016 он хүртэл ХЗХ-ны тоо хоёр дахин өссөн байна. Энэ үед одоогийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа СЗХ-ны дарга байсан. Яагаад тоо ингэж огцом өсөх болов. Хариуцлагыг хэн хүлээх үү. Мэдээж тусгай зөвшөөрөл олгож байгаа СЗХ хүлээнэ. Ингэж өөр дээрээ лай үүрэх шаардлага байсан уу. СЗХ банк болчихсон юм шиг харагдаад байна. Энэ эрсдлийг хэрхэн хэн арилгах вэ.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:  СЗХ нь 3000 гаруй хуулийн этгээдийг зохицуулж байна. Үүнээс 279 ХЗХ бий. 2012-2016 онд хороо бүрт ХЗХ гэсэн хөтөлбөр хэрэгжсэн. Үүнтэй холбоотой тоо эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд энэ тоо нэмэгдээгүй. Харин үйл ажиллагааны хувьд доголдолтой ХЗХ-ны үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсэн. Жишээ нь “Монкорд”-ын хувьд энэ зах зээл дээр сүүлийн 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа.  Энэ хоршооны үйл ажиллагаан дээр СЗХ удаа дараа хяналт шалгалт хийсэн. Тухайлбал, 2017 оны 4 сард шалгалт хийсэн шалгалтаар үйл ажиллагаанд нь доголдол байна гэж үзээд арилгуулах албан тоот хүргүүлсэн.

Тухайн ХЗХ-ны иргэдээс 2016 онд 1, 2017 онд 3, 2018 онд 60 иргэн өргөдөл ирүүлсэн. Энэ үйл ажиллагааг дахин нарийвчилж СЗХ шалгаж хоёр төрлийн өөр данс хөтөлдөг болохыг тогтоосон. Гэхдээ үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэлж болох болов уу.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гол нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: 2018 оны 11, 12 сарын үед өргөтгөсөн ажлын хэсэг СЗХ-ны даргын тушаалаар ажилласан. Улмаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг нь тогтоож цагдаагийн байгууллагад хандсан.  Өнөөдрийн байдлаар энэ асуудал прокурор, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. “Монкорд”-той адил нөхцөл байдал нь хүндэрсэн ХЗХ байхгүй.

-УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк хариуцлага хүлээхгүй гэдгээ хэлчихсэн. Энэ ХЗХ-нд ирээдүй байна уу. Үнэнийг хэл, иргэдээр битгий тогло. 39 хувийн хүү олгох боломж байдаг юм уу.  Өнөөдөр банк дампуурчихаад байна. Та нар банк болчихсон юм уу.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2017 онд шалгалт хийсэн гэж хэллээ. С.Даваасүрэн дарга та ажлаа аваад 3 жил болж байна. 2016 онд ажил авсан. “Монкорд”-од 2017 онд шалгалт хийж. Улмаар нөхцөл байдал эвгүй болсныг гаргаж тавьсан байна. Энэ үед шаардлагатай арга хэмжээг авч болоогүй юм уу. Өнөөдөр 3000 гаруй хохирогч, 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол яригдаж байна. Шалгалтын дүнг тухайн үед танилцуулсан уу. Танай хяналт, шалгалтын хэлтэсээс 2018 онд “Монкорд”-ыг татан буулгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг оруулсан юм билээ. Яагаад үүнийг хүлээж аваагүй юм бэ

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэвэл маш хүнд. Одоогийн байдлаар цагдаа, шүүхийн байгууллага буруутай этгээдийг эцэслэн тогтоогоогүй байна. Улмаар эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах, хохирол барагдуулах асуудал хөндөгдөнө.

-СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа: “Монкорд” ХЗХ тусгай зөвшөөрөл авсанаас хойших хугацаанд СЗХ-ноос 8 удаагийн газар дээрх хяналт шалгалтыг хийсэн. Мөн улирал бүр тайлан мэдээг нь хүлээн авч зайны хяналт тавьж ажилласан.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2017 онд хийсэн шалгалтын дүнг яагаад танилцуулаагүй юм. Тухайн үед хяналт шалгалтын газар тусгай зөвшөөрлийг цуцлаад зогсоох санал оруулж ирэхэд яагаад хүлээж аваагүй талаараа тодорхой хариулт өгмөөр байна.

-СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа:  2017 онд газар дээрх хяналт шалгалт орсон. Энэ хоршооны үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэлүүд үүсэн байж болзошгүй гэсэн байцаагчийн дүгнэлт гарч, холбогдох үүрэг даалгаварыг хоршооны удирдлагуудад өгсөн. Үүнтэй холбогдуулаад 7 удаагийн албан тоотоор үүрэг даалгаварыг удирдлагуудаас нь гадна хяналтын зөвлөлд нь өгсөн. Гэвч биелэлт хангалтгүй. Зарим мэдээлэл дутуу гэсэн мэдээлэл ирсэн учраас удаа дараагийн даалгавар өгсөөр байгаад биелэлт хангалтгүй гэж үзээд 2018 оны 4 сард дахин шалгалт  хийсэн. Шалгалтаар эрүүгийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: СЗХ дотроо “Монкорд”-ын асуудал дээр үйл ойлголцолтой байдаг. Энэ талаар тодохой хариулт өгөөч. Тухайн хоршоо 2017, 2018 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны байсныг хохирогч хүртэл хэлж байна шүү дээ. Ийм байхад арга хэмжээ авах эсвэл холбогдох байнгын хороо, хуулийн байгууллагад яагаад хандаагүй юм.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: СЗХ-нд Хяналтын зөвлөл бий. Энэ зөвлөлийг УИХ томилдог. Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсон. 2018 онд нөхцөл байдал хүндэрсэн тухай асуудлыг газрын даргад танилцуулж, улмаар СЗХ-ны хурлаар хэлэлцдэг журамтай. Энэ журмын дагуу асуудал явсан.

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Банк дампуурчихлаа. СЗХ дээр иймэрхүү асуудал үүслээ. 2012 оноос хойш буюу 7 жил “Монкорд” ХЗХ-нд зөрчил илрээд байхад ажиллуулсаар байсныг гайхаж байна. Дампуурсан банкин дээр ч ийм асуудал яригдсан. Ингэснээр гэмт хэргийг ихэсгэх, тэнд янз бүрийн мөнгө угаах, иргэдийг хохироох байдал даамжирдаг юм байна.  2014 онд банк бус санхүүгийн байгууллага 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Ямар хууль эрх зүйн хүрээнд ингэж нэмэгдэх болов. Үүнд төрийн зохицуулах бодлого юу байв. 33-39 хувийн хүүтэй ХЗХ-дыг гэнэт олноор нь ингэж бүртгэх эрх зүйн орчин яагаад бий болов. Хүүгийн бодлогыг хаанаас гаргадаг вэ. Ийм өндөр хүүтэй байхад СЗХ тусгай зөвшөөрөл олгож, бодлогоор дэмжиж байгаагийн шалтгаан юу байна. Хянан шалгах хорооны байцаагч нарын эрх үүргийг тодруулахгүй юу.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:  Тухайн үеийн хотын дарга Э.Бат-ҮҮл, өнөөгийн УИХ-ын гишүүн, тухайн үеийн СЗХ-ны дарга З.Нарантуяа нар хороо бүрт хоршоо байгуулах шийдвэрийг гаргаж, албан тоот байгуулсан. Ингэхдээ хөнгөвчилсөн нөхцөлтэй. Улмаар хотын Хөгжлийн сангаас санхүүжилтийг гаргаж хоршоодыг байгуулсан. Өнөөдөр тэр хоршоодын үйл ажиллагааг СЗХ тусгайлан нягталж, шалгаж байгаа. Боломжийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоо ч бий. Үйл ажиллагаа нь доголдолтой, хүчингүй болгосон нь ч бий.

Улсын байцаагч нарын тухайд илэрсэн зөрчил дутагдлын дагуу торгууль оногдуулах, хүндрэлтэй байгаа асуудлаар дараагийн шатны байгууллагад танилцуулж, асуудлыг шийдвэрлэдэг. СЗХ-ны хурлаар тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргана.

ХЗХ  бол ашгийн бус хуулийн этгээд. Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсэн дээр хүмүүс эвлэлдэн нэгдэж, итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа зөвхөн гишүүддээ зориулж явуулдаг. СЗХ зөвхөн тусгай зөвшөөрөл олгодог. ХЗХ-дыг шалгадаг 5-6 хянан шалгагч бий. Нэг шалгагчид 50-60 ХЗХ ногддог.

“Монкорд”-ын хувьд аудитын тайлангаа худлаа мэдүүлсэн. Сангийн яаманд ч худлаа мэдээлэл явуулсан. Хоёр өөр тайлан гаргаж  байсныг илрүүлсэн. Энэ бол нэг төрлийн санхүүгийн луйвар.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хүүг хэн тогтоодог вэ

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Хүүгийн хувьд СЗХ дээр тодорхой зохицуулалт байхгүй. 2016 онд ББСБ-ын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлсэх шийдвэр гаргасан. Энэ бодлогын хүрээнд дүрмийн сан нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлэхийн хэрээр хүү буурах ерөнхий хандлага ажиглагдаж байгаа. 2016 оноос хойш энэ төрлийн 50 гаруй судалгаа хийгдсэн.

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 2019 оны байдлаар 300 орчим ХЗХ бий. Тэгэхээр нэгээс бусад нь сайн ажиллаж байна гэж үзэж болох уу. Эсвэл танай байгууллага тайлан шалгалтаа өнгөцхөн хийгээд байна уу. Тайлан мэдээгээ хуурамчаар үйлдэж байсан гэх байдлаар өөрсдийгөө зөвтгөж гэж оролдоод байх юм. Цаасан дээрх тоон мэдээлэл худал байгаа нь танай байгууллагын хяналт, шалгалт хангалтгүй байсны баталгаа гэж дүгнэхэд хүргэж байна.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: 279 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд ХЗХ-дын үйл ажиллагааг эрсдлийн 5 түвшингөөр үнэлж байгаа. Ирүүлж байгаа тайлан мэдээгээр бусад ХЗХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хүү 30-33 хувь гэдэг бол мөнгө хүүлэлт. Ийм байхад яагаад тусгай эрх олгоод байдаг юм. Аргаа барсан иргэдийг мөлжиж байхад СЗХ яагаад хөхүүлэн дэмжих болов. “Монкорд”-ын тухайд хангалтгүй гэсэн тайлан ирүүлээд байхад зөвшөөрлийг нь яагаад сунгав.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Таньтай санал нэг байна. ХЗХ-ны хамгийн сонгодог хэлбэр нь орон нутагт үйл ажиллагаа явуулах юм билээ. 2016 онд намайг ажлаа авахад 290 ХЗХ байсан. 2014-2015-нд хороо болгон дээр хоршоо байгуулах хүрээнд тоо эрс нэмэгдсэн. Сүүлийн 3 жилд 10 гаруй хоршоогоор тоон үзүүлэлт буурсан. СЗХ зөвхөн тусгай зөвшөөрөл л олгодог.

-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Монкорд”-ын үйл ажиллагааг 2012 онд хангалтгүй, 2014 онд 58.3 хувь хангалтгүй, 2015 онд хангалттай, 2017 онд хангалтгүй гэж дүгнэсэн байна. Асуудлыг удаашруулалгүйгээр, хохирлыг нэмэгдүүлэхгүйгээр зогсоож болоогүй юм уу. Ашгийн бус байгууллага 30-33 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж байна. Энэ зөв үү. 2006 онд болсон үйл явдлаас сургамж авдаггүй юм уу

-Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Баярсайхан: Би тэр дүгнэлтүүдтэй танилцаагүй байсан. 2017 оны хяналт, шалгалтын дүгнэлт, 2018 онд хоршооны үйл ажиллагааг 3 сараар түдгэлзүүлэх санал орж ирсэн ч надад танилцуулагдаагүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Монкорд” ХЗХ-ны хэрэг ямар шатандаа явж байна.

Эрүүгийн цагдаагийн газар: 2018 оны 9 сард СЗХ-ноос ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн. 2019 оны 3 сард ЦЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаны хэлтсийн албан хаагчид ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. СЗХ-ноос мөн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Монкорд” ХЗХ-нд идэвхтэй 2563, идэвхгүй 623 гишүүн бүртгэлтэй  гэсэн тоо мэдээ гаргаж өгсөн. Энэ хэмжээнд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт хүмүүсээс мэдүүлэг аваад, анх хэлсэнээс хойш хэдий хэмжээний мөнгө хадгалуулсан, явц дундаа хичнээн төгрөгийн зээл авсан, одоо зээлийн үлдэгдэл хэд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 3000 орчим хүнээс 900 орчим хүний мэдүүлэг авсан. Бусад хүмүүс нь СЗХ-ноос гарах дүгнэлттэй холбоотойгоор хүлээгдсэн байдалтай байна гэсэн юм.  

Хэлэлцүүлгийг дүгнэж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон ломбардад төр хяналт тавьж, үйл ажиллагаанд нь чанарын өөрчлөлт хийх шаардлага бий болоод байна. Иймээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох Байнгын хороо болон УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлд мэдээлэл хүргүүлнэ” хэмээгээд Хадгаламж зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг нэн яаралтай УИХ-д оруулж ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Эх сурвалж:buzznews.mn