“Хүүхэд хамгаалагч” төслийн нээлт боллоо

Төв талбай өнөөдөр хүүхдийн инээд, хөөрөөр дүүрэн байв. Учир нь “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт  Сүхбаатарын талбайд болсон бөгөөд төслийн нээлтэд оролцохоор нийслэлийн дүүрэг бүрийн сургуулиас ирсэн сурагчдын төлөөллөөс гадна урлаг, спортоор амжилт гаргасан хүүхдүүд хуран чуулсан байв.  

"Хүүхэд хамгаалагч" төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төлслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургуульдаа хүрэх, гэртээ харих чиглэлийн аюултай зам, талбай, орчинд эцэг эхчүүд тусламж үзүүлж, хяналт тавих зэргээр ажиллах аж. 

Төслийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр “Улсын  хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд оролцсон 2833 гэмт хэрэг гарч, 4922 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон байна. Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль гэрийн хооронд ирж буцах замдаа гэмт халдлагад өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүд, насанд хүрсэн иргэн бүрийн сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн  хүүхдийг олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийг аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж  байна” гэсэн юм. 

Дашрамд мэдээлэхэд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр өнөөдөр мөн тохиож буй. Дэлхий нийтээр энэ өдрийг эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга хайхыг уриалдаг байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан нь өнөөдөр дэлхийн санаачилга болжээ.
 
Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн аж. Энэ оны гурван сарын байдлаар дэлхийн 54 орон бүх орчинд хүүхдийн эсрэг шийтгэлийг хориглоод байгаа бөгөөд Монгол Улс энэ конвенцэд нэгдээд байна.