Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан иргэдийн хөлд дарагдав

Сүхбаатарын талбай өнөөдөр хөл хөдөлгөөнтэй байв. Учир нь эл өдөр хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц  үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” болсон бөгөөд таяг тулсан тэтгэврын хөгшидөөс эхлээд их дээд сургуулиа энэ жил төгсөж байгаа оюутнууд мөн нийгмийн халамж үйлчилгээ, нийгмийн даатгалын үйлчилгээний талаар тодруулах гэсэн иргэд өөрсдөд тулгарсан асуудлаа шийдэхээр зорин ирсэн байв.

Төв талбайд цугларсан эдгээр хүмүүсийн нэг нь өдгөө 85 насыг зооглож буй Бат гуай юм. Түүний хувьд ХНХ-ын сайд С.Чинзоригтой уулзсандаа ихэд талархаж, өөрт тулгарсан асуудлаа тоочиж байв. Тодруулбал, тэрбээр "Би одоо 85 настай. 1994 онд тэтгэвэрт гарсан юм. Уг нь тэтгэвэрт гарсан хүмүүст төрөөс тэтгэмж өгдөг. Бас тэр үед тэтгэвэрт гарсан хүмүүс хувьчлалаар юм юмтай л болсон. Гэтэл би юу ч аваагүй. Төрд 32 жл ажиллаад хоосон үлдсэн. Миний үед олон хүүхэд төрүүлсэн ээж, 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилласан эрэгтэйг шууд л тэтгэвэрт гаргасан. Тэгээд л бид хохирсон" хэмээж байлаа. Мөн тэрбээр ийн ярихын хажуугаар төрөөс ахмад настны хишиг гэж 150 мянган төгрөг өгдөг. Түүнд маш их талархдаг гэдгээ ч хэлээд амжсан. Харин сайд түүний асуултад "Бид наад асуудлыг чин маш сайн мэдэж байгаа. 1990-ээд онд таны хэлсэн үндэслэлээр тэтгэвэрт гарсан хүмүүс цөөнгүй бий. Удахгүй УИХ дээр яг наад асуудлыг чинь ярина" гэсэн. Мөн сайдтай уулзсан дараагийн хүн нь Батмөнх гуай. Түүний хувьд бас л өөрийн гэсэн "асуудал"-тай аж. Тодруулбал, энэ жилээс тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийг тэтгэврийг бодохдоо сүүлийн таван жил ажилласан дунджаар бус долоон жил болгож хоёр жилээр нэмжээ. Энэ нь хүмүүст тэр дундаа насаараа ажиллаад тэтгэвэрт гарч байгаа хүмүүст маш их хохиролтой төдийгүй бага тэтгэвэр тогтоолгож байгаа аж. Иймээс мөн л энэ асуудалд анхаарал хандуулахыг сайдад хичээнгүйлэн ярилаа. Энэ мэтчилэн төв талбайд цугларсан хүмүүс өөрт, өөрсдөд, эргэн тойрныхоо хүмүүст тулгарч байгаа асуудлаа салбар хариусан сайдын сонорт дуулгаж, сайд ч тэр болгонд хариулахын зэрэгцээ холбогдох албаны хүмүүстэй нь уулзуулж байсан юм.

Өнөөдөр бол Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр. Энэ хүрээнд дээрх нээлттэй хаалганы өдөр буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах өдөрлөг болсон гэдгийг энд тодотгох ёстой. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд л гэхэд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НДЕГ-ын дарга Д.Зоригт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын дарга Ц.Ганчимэг, НХЭГ-ын дарга П.Батхүлэг болон албаны бусад хүн оролцсон. Дээрх албаны хүмүүс мөн л өөр өөрсдийнхөө эрхэлсэн асуудлын хүрээнд иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ төрөөс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тодорхой мэдээллүүдийг өгч байсан юм.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ХНХ-ын сайд С.Чинзориг үг хэлсэн. Тэрбээр "Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүссэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны  60 жилийн ойн хүрээнд бид иргэддээ илүү ойрхон ажиллах үүднээс нээлттэй хаалганы өдөрлөгийг төв талбайдаа зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө, ард, иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө бид хичээж ажиллаж байна. Бидний зүгээс хэрэгжүүлж байгаа ажилд идэвхитэй оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье. Монгол Улсын санхүүгийн байдал нэг үеэ бодвол сайжирсан. Улсын эдийн засаг 2018 онд 6,9 хувиар өссөн. Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давж, гадаад вальютын нөөц нэмэгдсэн гэх зэрэг олон эерэг үзүүлэлтүүд гарч байгаа хэдий ч эдийн засгийн байдал эмзэг хэвээрээ байгаа. Хэдийгээр төсөв санхүү эмзэг байгаа ч Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээрх олон зорилт, амлалтуудыг биелүүлэхийн төлөө ХНХЯ ажиллаж байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нийт иргэд адилхан хүртэх ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. 2014 оноос нэг ч төгрөгөөр нэмэгдүүлж чдаагүй байсан бол энэ Засгийн газар хоёр удаа бодитойгоор цалин нэмлээ. Төрийн албан хаагчидын ажлын ачаалал, ур чадвараас нь хамааруулан ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосны ачаар эдгээр ажилчидын цалин 27 хүртэл хувиар нэмэгдсэн. Үүнээс гадна ахмад настнууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Цаашид ч бид энэ төрлийн ажлыг илүү хийж хэрэгжүүлнэ" хэмээн онцолсон.

Тэгвэл өдөрлөгийн үеэр олны хөлд дарагдсан газар нь ажилд авна гэсэн үндэсний компаниудын асар байлаа.  Албаныхны өгсөн мэдээллээр өнөөдөр болсон нээлттэй хаалганы өдөрлөгт төр, хувийн хэвшил хамтарсан 120 гаруй байгууллага оролцож иргэдэд үйлчиилгээ үзүүлжээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайд бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд нэг дороос үйлчилгээ үзүүлснээс гадна энэ салбарынхан хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй төрийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдэд маш тодорхойтайлбарлаж байсан юм. Үүнээс гадна хүн ажилд авна гэсэн хаягтай асрууд олны хөлд дарагдсан байсан. Дээрх асрууд нь ихэвчлэн ноос, ноолуурын компани, хоол үйлдвэрлэгчид, мөн архи спиртын үйлдвэрүүдээс гадна барилгын компаниуд ч хүн ажилд авна гэсэн байсан бөгөөд түүнийг дагаад бүртгүүлэх иргэдийн тоо ч цөөнгүй байв.

Харин ажил хайж буй иргэдийн тухайд зарим нь ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд талархаж байна гэсэн бол цөөн хэсэг нь миний хайж байгаа ажлын байр алга гэж байв. Мөн ажлын байр алга гэсэн залуусын ихэнх нь эрхзүйч, багшаар төгссөн гэж байсан юм. Харин ажил олгогчдын зүгээс "Ажил хайж буй  залуусын ихэнх нь цагийн ажил сонирхож байна. Их, дээд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа залуус хууль эрхзүйч, эрүүл мэндийн чиглэлээр ажлыг байр сонирхож байна. Нийгэмд сэтгэл зүйчид маш эрэлттэй байгаа. Энэ чиглэлээр суралцаад төгсч буй боловсон хүчин маш цөөхөн байна. Бас туслах ажилтны эрэлт хэрэгцээ их байгаа ч ажиллах хүчин дутагдалтай байна" гэдгийг онцолж байлаа.  

Түүнчлэн өдөрлөгийн үеэр иргэдэд НДЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт зэрэг төрийн байгууллагууд болоод ажил олгогч томоохон 65 аж ахуйн нэгж байгууллага, 10 хөдөлмөрийн хувийн бирж, олон улсын байгууллагууд нэг дороос үйлчилгээ үзүүлж байсан юм. Мөн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон сайн дурын даатгалын талаар мэдээлэл зөвлөгөө авч, зорилтот  үйлчлүүлэгч нар сэргээн засах, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоо хийлгэж байв. 

Өдөрлөгийн үеэр нүдэнд туссан бас нэг үйлчилгээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж, иргэдэд суртачилан танилцуулж байсан. Тухайлбал, эсгийгээр хийсэн гэрийн углааш 15 мянган төгрөгөөс эхэлж байсан бол шүрээр хийсэн гоёл чимэглэлийн зүйл 1000 төгрөгөөс эхэлж байлаа. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагч төгсөгчдийнхөө бүтээлээр үзэсгэлэн дэлгээд байсан юм.  

Мэргэжлин боловсрол, сургалтын байгууллагуудын тухайд манай улсад яг одоо хүчээ аваад байгаа. Тодруулбал, нэг үе МСҮТ-д тааруухан сурдаг хүүхдүүд л ордог гэсэн ойлголт байсан одоо өөрчлөгдсөн. Хамгийн их урч чадвартай хүүхэд залуус элсэн орж, дэлхийн рангад үнэлэгдэх мэргэжилтэй боловсон болон бэлтгэгдэн гарч байгаа. Иймээс Ч С.Чинзориг сайд иргэдтэй уулзах үеэрээ хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг судалж, үүнд тулгуурласан их, дээд сургуулийн элсэлтийг зохион байгуулах, мэргэжлийн боловсролын сургуулиудын эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж Сангийн яам, БСШУСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Цаашид ажлын байрны эрэлтийн судалгааг үндэслэн, их дээд сургуулийн элсэлтийг зохион байгуулах нь чухал байгаа. Түүнээс гадна Засгийн газраас тусгай боловсон хүчин бэлтгэх зорилгоор мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь одоо хэрэгжиж байнэ. Энэ тэтгэмжийг ирэх жилээс нэмэхээр  төлөвлөсөн. Гэхдээ төсвийн нөөц боломжоос шалтгаална. Хэрэв тэтгэлгийн хэмжээг нэмбэл залуус дээд боловсролтой болохоос илүү мэргэжлийн ур чадвартай ажилчин болох сонирхол нь илүү давамгайлах болов уу. Өмнөх үетэй харьцуулахад ажилгүйдлийн түвшин буурсан шүү гэдгийг онцолж байсан юм. 

Нээлттэй хаалганы өдөрлөгт:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар,
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут,
  • Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор,
  • “Өнөр бүл” хүүхдийн төв,
  • Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв,
  • Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.