Улаанбаатарын онцгой газрыг халаасалсаар ирсэн Б.Чойжилсүрэн Тост, Тосонбумбын нурууг бас л халааслах уу

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд Монгол Улсын хууль үйлчилдэггүй. Учир нь тэрбээр Монгол орны нэн ховор амьтад болох аргаль,угалз, ирвэсийн гэр нь болсон Тост, Тосонбумбын нурууг төнхөж эхэлсэн. Ингэхдээ “Сауд гоби коал транс” компаниараа энэ бүст  нүүрс олборлож эхэлсэн бөгөөд хамгийн ноцтой нь тус компанийн нүүрс олборлолтын талбай улсын тусгай хамгаалалттай Тост, Тосонбумбын нурууны өвөр бэлээс зургаахан км-ийн зайтай гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Түүнчлэн тус компани саяхан 3 дахь амныхаа хөрс хуулалтыг хийж эхэлсэн бөгөөд ингэхдээ уурхайн овоолгын шороогоо “Хүрэн шанд“ хэмээх хүн мал, ан амьтад ундаалдаг хөрсний задгай булаг, шанд дээр асгаж эхэлсэн гэх. Хамгийн эмзэглэмээр нь Б.Чойжилсүрэнгийн компанийн олборлолт хийж эхэлсэн талбай нь Тост, Тосонбумбын нуруунаас тэжээл авдаг Хөвд, Хуршуут хэмээх хоёр голын хооронд оршдог. Лицензийн талбай дотор нь уурхайн овоолго шороонд дарагдаж "нүд анихад" бэлэн болоод байгаа Хүрэншандын булаг шиг хэд хэдэн булаг задгай урсдаг. Мөн эндээс хүн мал амьтад амны усаа залгуулж ирсэн малчдын гол бэлчээр нутаг төдийгүй цөлжиж, хуурайшиж, унаган төрхөө алдаад байгаа Монголын говьд үлдээд байсан ус ургамал тэгширсэн цөөхөн баян бүрдийн нэг гэсэн баримтыг сэтгүүлчид дэлгээд байгаа юм. Харин энэ мэдээлэл цацагдсан даруйд УИХ-ын гишүүн үгүйсгэж байсан. Гэвч түүний ярьсан зүйл худал гэдгийг сэтгүүлчид хийгээд иргэний нийгмийнхэн олон хүн баримтаар нотолсон. Иймээс л Б.Чойжилсүрэн гэж хэн бэ. Тэрбээр өөрийн бизнесээ хэрхэн явуулж ирсэн бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

Үнэндээ Б.Чойжилсүрэнгийн тухай элдэв мэдээлэл байдаг. Намынхан нь түүнийг тооцоонд сайн. амьдралын хар ухаантай гэдэг юм гэсэн. Иймдээ ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тэрбээр Сангийн сайдын албыг хашиж байсан. Харин түүнд эх орноо гэсэн сэтгэл байдаг уу гэвэл эргэлзээтэй. Учир нь, түүний бизнесээ хийхдээ хөдөлсөн хөдөлгөөн бүхэн нь ямар нэг байдлаар төрийн эсвэл олон нийтийн сүүлдээ Монгол Улсын нийт эрх ашгийг хөндөх болсон учраас. 

Мөн түүний хувьд Монголын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор ордог. АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ л гэхэд хамгийн их орлоготой гишүүнээр  тодордог. Мөн "Говь ресурс хилл", "Говьс гоё сайхан", "Хурд" групп, Рапид харш  зэрэг 10 гаруй компанийн хувьцаа эзэмшигч. Үнэндээ бол асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй  гэх тэрбээр төрийн ажил гэхээсээ илүүтэй хувийн бизнес тэр дундаа барилгын компанийнхаа ажилд юу юунаас ч илүү анхаарал тавьдаг. Ямартай л үүнийг нотлох мэт хэдэн жилийн өмнө түүнийг хууль санаачилж батлах бус харин хууль бусаар олж авсан газруудаа хамгаалахын тулд УИХ-д сууж байгаа гэсэн яриа хүртэл гарч байсан. Түүнчлэн эрхэм гишүүний мэдэлд байдаг “Хурд” группын хэрэгжүүлж байгаа барилгын төслүүд нь дандаа будлиантай газар дээр сүндэрлэж ирсэн нь олны анхаарал татдаг бөгөөд энэ тухай цөөн хэдэн мэдээллийг сийрүүлье. 

  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн Хурд” компанитай холбоотой барилгын асуудал нийслэлчүүдийн анхаарлын төвд олон жилийн өмнөөс байсаар ирсэн. Энэ нь Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг дээрэмдэж авсан гэх дуулиан юм. Ямартай л 2014 онд тус төвийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгчээр ажиллаж байсан М.Энхтуяа энэ тухай гомдлоо тухайн үеийн Нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байсан. Ингэхдээ тэрбээр “Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд  манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэж байж. Гэтэл төд удалгүй “Хурд”-ынхан Урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том барилга барьсан. Ингэж л тэд  “тохижилт” нэрийн дор Хүүхдийн урлан бүтээх төвийн газрыг дээрэмдсэн. Хамгийн эмгэнэлтэй нь тухайн үеийн хотын удирдлагууд гадна тохижилтын гэх "газрын дээрмийн" асуудлыг Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнтэй урьдчилан ярилцах бус харин “Хурд”-ынхантай  далдуур тохирч өгсөн гэдэг юм билээ.  
  • Эрхэм гишүүний хэл амтайхан өөрийн болгосон бас нэг  газар нь одоо "Рапид харш" гэх хороолол сүндэлээд буй их хэмжээний газар. Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух энэ бүс нь дулааны шугам хоолойн район бүхий газар. Гэвч тэрбээр бүхэл бүтэн хороолол барьчихсан. Уг нь Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 119 тоот тогтоолд “Нийтийн эзэмшил гэдэг нь инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ногоон байгууламж... зэрэг орно” гэсэн заалт байдаг гэх. Гэвч энэ заалт Б.Чойжилсүрэнд үйлчлээгүй төдийгүй мань хүн Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан олон арван байр барьж, асар өндөр үнээр зараад дуусчихсан. Харин үүнийг манай төр засаг, хотын удирдлагууд огт мэдээгүй, хараагүй юм шиг нүдээ дараад л өнгөрсөн.  
  • Эрхэм гишүүнд хууль үйлчилдэггүй бас нэг баримт бий. Энэ нь Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар зүтгүүрийн депотой хаяа дэрлэн оршдог “Хурд групп” ХХК-ийн барьсан орон сууцны барилга. Товчхондоо бол “Улаанбаатар зүтгүүрийн депо”-гийн эзэмшлийн галын аюултай бүсэд барьсан “Нарны хотхон” гэх орон сууцны хороолол. Уг нь тухайн үед түүнийг энэ газар дээр барилга барих гэж байхад онцгой бүс гээд олон хүн эсэргүүцсэн. Харин тэрбээр юу ч болоогүй юм шиг барилгаа барьсан. Одоо бас цаад талд нь өндөр өндөр барилга барьж байгаа. Бас барьсан байраа өндөр үнээр зараад дуусчихсан. Түүнчлэн өнгөрсөн хавар тус хотхонд барьсан цэцэрлэгээ улсад өндөр үнээр шахах төлөвлөгөө боловсруулж энэ нь ч амжилттай хэрэгжсэн. Тодруулбал, өнгөсөн оны наймдугаар сард энэ асуудлаар Засгийн газар хуралдаж улмаар Нарны хороолол буюу Баянгол дүүргийн III хороонд 2017 онд барьсан сургууль, цэцэрлэгийг улсын мэдэлд авах шийдвэр гаргасныг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлж байсан. Тэрбээр “Хурд” группын барьсан тус цэцэрлэгийг улсын мэдэлд авах хүсэлтийг Баянгол дүүргийн III хорооны 5700 орчим иргэн Засгийн газарт гаргасан байна. Тиймээс Сангийн яам, Барилга хөгжлийн төв, БСШУЯ-ны ажлын хэсэг хамтран судалж, Засгийн газрын хуралдаанаар оруулсныг сайд дурьдаад “Сургууль, цэцэрлэгийг барьсан өртөг өндөр байна. Тиймээс “Хурд” групптэй үнэ өртгийг эцэслэн шийдэх асуудлыг Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, БСШУЯ-ны баг судлах болсон. Би өчигдөр энэ сургууль, цэцэрлэгийн барилгатай танилцсан" байсан юм. 
  •  

Эрхэм гишүүн "барилгачин" Б.Чойжилсүрэнгийн хууль бус үйлдлүүдийн тухай цухас дурьдахад энэ. Үүнээс гадна тэрбээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол дахь газартай холботой маргаанд ч мань эрхэм нэр холбогдож улмаар барилга барьсан гэх мэдээлэл ч байдаг. Харин тэрбээр энэ бүх дуулиан гарахад чимээгүй сууж байгаад л ажлаа амжуулдаг. Тэгвэл энэ удаад түүний хараанд улсын  тусгай хамгаалалтад байдаг Тост, Тосонбумбын нуруу багтаж. Иймээс төр үүнд анхаарал хандуулах ёстой. Б.Чойжилсүрэнгийн олох ашиг, бизнеэсээс илүү Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эх нутгийн бүрэн бүтэн байдал хөндөгдөх учраас ТӨР үүнд анхаарал хандуулж, хууль үйлчилдэггүй Б.Чойжилсүрэнд Монгол Улс хуультай гэдгийг мэдрүүлнэ гэж найдаж байна.