Эрх баригч нам Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцоно

МАН-ын Бага хурал өнөөдөр 66,5 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Тодруулбал, Бага хурал 369 гишүүнтэйгээс 210 төлөөлөгч ирж оролцсон байна. МАН-ынхан энэ удаагийн Бага хурлаараа Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэх нь олны анхаарал татаж байсан.

Учир нь тус тойргоос сонгогдсон Д.Гантулга таагүй хэрэгт нэр холбогдсон учраас өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлагдсан бөгөөд сонгуулийг ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр товлоод буй. Хуулийн дагуу улс төрийн намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ёстой. Тиймээс  МАН-ын өнөөдрийн Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ тодорхой болгох, мөн Удирдах зөвлөлийн ажлын тайланг сонсох  юм. Тэгвэл дөнгөж сая МАН-ын Бага хурал хуралдаж дуусчээ. Улмаар Бага хуралд оролцсон гишүүдийн олонх нь Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэдэгт санал нэгдсэн байна.  Ингэснээр эрх баригч МАН-ынхан маргааш Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхээр болж байна.