МАН-ын бүлэг: АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

МАН-ын намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хурлаар АТГ-ын дарга болон дэд даргыг ажлаас нь чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Ингэхдээ  АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлээ бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа бөгөөд тус газрын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга Ж.Батсайхан нарыг томилох саналыг Ерөнхийлөгчөөс  МАН-ын бүлэгт ирүүлжээ. 

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт "УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.