Чуулганаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуун товыг батлажээ. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганаар гишүүдийн дунд маргаан дагуулаад байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэх аж. Учир нь Д.Хүрэлбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл авсан гэх асуудалд нэр холбогдоод байгаа. Ямартай л өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболд түүийг дуудаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг санал болгосон ч тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр түдгэлзэж шалгуулах санал гаргасныг УИХ хүлээж авч байсан юм.

Тавдугаар сарын 2, 3-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгйин газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал;
  • Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019.04.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар.