ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал Айтилина Адамовагийн нэрэмжит уралдаанд түрүүлжээ

ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал олон улсын уралдаанаас эх орондоо ГРАН ПРИ шагнал авч иржээ. Тодруулбал, энэ сарын 19-23-нд ОХУ-ын Якутскд анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож гран при шагналын эзэн болжээ. 


Түүнчлэн дээрх уралдаанд манай улсаас ДБЭТ-ын төлөөлөл болон Монгол Улсын гавьяат жүжигчин, концертмейстер Б.Солонго тэргүүтэй дуурийн залуу дуучин С.Бат-Эрдэнэ, Г.Энхнаран, Э.Мөнхтөр нар оролцсон байна. Э.Мөнхтөрийн хувьд хоёрдугаар байрт шалгарсан бол С.Бат-Эрдэнэ тусгай байр эзэлжээ. Дашрамд мэдээлэхэд,  Ч.Бадрал өнгөрсөн хоёрдугаар сараас Италийн алдарт ЛА СКАЛА театрт гэрээгээр ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр өнгөрсөн жил Италийн алдарт “CHIGIANA” академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын эзэн болж “Golden Star-2018” шагналын эзнээр тодорсон. Үүнээс гадна энэ жил зохиогдсон "Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд шалгарсан бөгөөд түүнтэй хамт орон орны шилдэг 19 дуучинтай тунан үлдсэн юм. Дэлхийн шилдэгүүд ирэх зургаадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо өрсөлдөх юм байна.