Генерал Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татагдаад байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн газрынхан энэ сарын 23-нд хойшлуулшгүй арга хэмжээ авч хорьсон. Тэгвэл өнөөдөр 16:40 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн АТГ-ынхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Б.Хурцад 2018 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн  прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ирүүлсэн.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тухайн хэргийг шалгаж байх хугацаанд өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад харьяаллыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хэмээн мэдээлсэн юм.

Мөн өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороог байгуулсан бөгөөд тус хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд Х.Нямбаатар А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Санжмятав нар багтсан юм.