АТГ: Кёкүшюзан Д.Батбаярт хэрэг нээж шалгахад бусдыг залилан мэхлэсэн гэмт хэргийн шинж тогтоогдсон

Авлигатай тэмцэх газраас  сар бүр мэдээлэл хийдэг. Тэгвэл өнөөдөр дөрөвдүгээр сард хийсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцсон. Мэдээллийн үеэр  тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хан-Уул дүүрэг гэх мэт байгууллагуудад ажиллалаа. Мөн АТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагч болон шинжээчид “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийг нэрлэнэ үү” гэсэн асуултад 2016 онд 46.4 хувь нь, 2018 онд 47.0 хувь нь “газрын алба” гэж хариулсан" гэсэн юм. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

-УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэсэн. Түүнээс мэдүүлэг авсан уу?

-Кёкүшюзан Д.Батбаярыг бусдыг залилсан гэсэн гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзсэн учраас прокурорын байгууллагад харьяалал тогтоолгохоор хандсан. Улмаар прокурор харьяаллыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналаа гаргасан. Хэргийн үйлдэл аргачлал бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй юм.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг АТГ-аас шалгаж байгаад цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн гэсэн. Түүнийг хэзээнээс эхэлж шалгасан бэ?

-2018 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн  прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, тус хэлтэст харьяаллыг нь тогтоогоод ирүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тухайн хэргийг шалгаж байх хугацаанд өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад харьяаллыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнд Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг биш.

-"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэргийн шалгалт ямар шатанд байгаа вэ?

-"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой маргаан, тус үйлдвэрийн удирдлагуудын гаргасан баталгаанаас болж Монгол Улс хохирсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хэргийг шийдвэрлэж эцэслэгдсэний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүхийн байгууллага тусад нь шалгаж байгаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон гурван гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэх талаар яригдаж байсан. Энэ хэрэг юу болов?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гурван  гишүүнтэй холбоотой асуудал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас тэдний хэргийг тусгаарлах саналыг прокурорын байгууллагад гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Түүнээс биш  нэмж гурван гишүүнийг яллагдагчаар татаагүй. .

–Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нартай холбоотой хэрэг шалгалтын ямар шатанд явна вэ?

-Шүүгч нар хууль бус шийдвэр гаргасан, бусдаас авлигал авсан байж болзошгүй гэх хэргүүдийг шалгаж байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлыг ч  давхар шалгаж байна.