“Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал болон УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан нарын хүмүүс хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

АТГ 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч байгаа. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцож байна.

Хурлын үеэр олны анхаарал татсан зарим асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэн, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байна.

Ингээд нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал: 

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт
  • “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр
  • Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа
  • Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар болно.