Ч.Хүрэлбаатар: Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ

Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Капитал банкинд байршуулж байсан нь багагүй маргаан дэгдээсэн. Тэгвэл эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Төрийн санд төвлөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Капитал банк хүндрээд 4, 5 жил болсон. Хуулийн дагуу цаг тухай бүрд нь арга хэмжээ аваагүй учраас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж харж байгаа. 2016 оны наймдугаар сараас хойш тус банканд нэмж мөнгө байршуулаагүй, мөн байршуулсан мөнгөө татах чиглэлийг байнга илэрхийлсээр ирсэн.

Капитал банканд мөнгө нь байршиж байсан сангуудад чиглэл өгөх ажлыг Сангийн яамнаас зохион байгуулахаар ажиллаж байна. Тэр мөнгө нь агаарт уусаж, газарт шингэчихээгүй байгаа байх" гэсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засгийн тойм мэдээллийн талаар ч  хэд хэдэн зүйлийг онцлон хэлсэн. Тухайлбал, Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ний 78 хувьтай тэнцэж байсан бол 2018 оны төгсгөл дээр 58.9 хувь болж бууж ирээд байгаа. Сангийн яамны зүгээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн сан дээрээ байршуулах бодлого баримталж байгаа гэнэ. Хэдийгээр Монгол Улс 2019, 2020 онд төлөх өр, бондын төлбөр байхгүй ч гэлээ. 2021-2024 онд 2.9 тэрбум долларын бондын төлбөр төлөх ёстой. Тиймээс энэ төлбөрөө эдийн засагт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байхаар тооцоолсон өрийн стратегийг Засгийн газраас баталжээ.

"Засгийн газрын үнэт цаасыг блокчейн платформ дээр үндэслэн шууд иргэн, аж ахуйн нэгж худалдан авах боломжийг бүрдүүлсэн. 2019 оны эхний улирлын байдлаар төсөв 196 тэрбум төгрөгийн ашигтай явж байгаа. Тиймээс аль болох бонд гаргахгүйг хичээнэ. Өрийн хэмжээ ДНБ-ний 93-тай тэнцэж байсан үе бий. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлбэл Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 54 хувьай тэнцэж бууж ирнэ гэсэн тооцоолол хийсэн" хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийнхээ үеэр хэлсэн.

2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байна гэж тооцож байна. Инфляц 8 хувьтай, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум долларын ашигтай байна гэж харж байгаа. 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл дээр санхүүжилт хийх боломж, өр, хэрэгжих боломжтой нь уялдуулан 10 их наяд төгрөгийн 19 ажлыг үндсэн чиглэлд багтаахаар болсон гэнэ. 2020 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тодорхой зардлуудыг оруулсан. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Зарим хууль хэрэгжиж эхэлж буйтай холбогдох санхүүжилтүүдийг шийднэ. 2019 онд хөрөнгө оруулалт хийгдээд 2020 онд ажлуудаа дуусгахаар төлөвлөжээ.

эх сурвалж: buzznews.mn