ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг  хорих 461 дүгээр ангид саатууллаа

Сүүлийн үед Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой таагүй мэдээлэл газар аваад байгаа. Тодруулбал, түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн үү гэсэн асуудал олон нийтийн анхаарлыг татаад байсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр орой саатуулж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг өчигдөр 23 цагийн үед саатуулсан  байна.

Дашрамд мэдээлэхэд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ШШГЕГ-ын хоёр албан тушаалтанг тус тус цагдан хориод байсан. Тэгвэл ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг цагдан хорьсноор нийт таван хүнийг саатуулаад байна. Ямартай ч АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг эрүүдэн шүүсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд  Б.Хурцын эхнэрийн дүү, ТЕГ-ын ахлах дэслэгчийг саатуулан байцаасан гэсэн мэдээлэл ч байна. 

Бид энэ тухай эргэн мэдээллэх болно.