Хувийн эзэмшилд очсон гэх Сүхбаатарын талбайн урд хэсгийн газрын эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дөнгөж сая Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу одоо авто зогсоол байгаа хувийн эзэмшилд авсан газрын эрхийг цуцалж буйгаа мэдэгдлээ.

Тодруулбал, нийслэлийн төв талбайн урдах цэцэрлэг болон  талбайн урд хэсгийг хувийн компанид өгсөн тухай хэдэн жилийн өмнөөс олны анхаарлыг татсан. Ингэхдээ уг шийдвэрийг Ц.Батбаяр Нийслэлийн Засаг заргаар ажиллаж байхдаа гаргасан гэх мэдээлэл байдаг бөгөөд эл газрыг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг эзэмшиж байгаа гэдэг. 

Тэгвэл хотын дарга дөнгөж сая “Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газрыг 2006 онд хувьд олгосон байдаг. Түүнээс хойш усан оргилуур барина гэж төсөл сонгон шалгаруулсан боловч одоогоор төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй. Түүний дараа 2016 онд авто машины зогсоол болгосон. Тухайн зогсоолын 30 хүртэлх хувийн ашгийг Улаанбаатар хотод олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн олгоогүй. Мөн газрын эрхийг 2017 онд банкны барьцаанд тавьсан байгаа юм. Тиймээс уг 2.5 га газрын эрхийг цуцлах шийдвэр гаргаж байна. Энэхүү 2.5 газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина” хэмээн мэдэгдлээ.

Дашрамд мэдээлэхэд Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Сүхбаатарын талбайн урдах хэсэг болон цэцэрлэгийг 22 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан талаархи асуултад "Энэ газрыг доогуураа гараж, дээрээ усан оргилууртай болгон өөрчлөх захирамж гарсан байсан. Хэрэв энэ газрыг хэг нэг иргэн, ААН их хэмжээний мөнгөний барьцаанд тавьсан нь үнэн бол хариуцлагыг тухайн иргэн өөрөө үүрнэ. Учир нь хотын дарга энэ газар дээр ямар нэг бүтээн байууллатын ажил хийх шарадлагагүй гэж үзэн, өмнөх захирамжийг саяхан хүчингүй болгосон" гэж байсан юм.