Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор данстай гэж байсан Д.Сугар хаачив

Ш.Батхүү гэх нөхрөөс болж Монголын Засгийн газар Өмнөд Африкийн Сандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн. Энэ тухайгаа энэ сарын 5-ны өдөр Шадар сайд Ц.Энхтүвшин зарлаж, "Өр дарагдлаа. Монголын ард түмэн үүнд баярлах ёстой" хэмээв. Гэвч яг үнэндээ хэдхэн улстөрчийн халаасанд орсон гэх энэ мөнгийг татвар төлөгчдийн халааснаас гаргана гэдэг байж боломжгүй үйлдэл. Иймээс ч олон хүн үүнд эгдүүцэж буйгаа нуугаагүй юм.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж  дөрвөн жилийн хугацаанд 160,1 сая ам долларыг шат дараатай зээлж авсан гэх Ш.Батхүүд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж магадгүй гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарах болов. Хэрэв асуудал ийм дээрээ тулбал, Монголын ард түмэн дуугүй байхгүй нь лавтай. Учир нь, 2006 оноос эхлэн албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр таван ч удаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан гэх Ш.Батхүүгийн ард томоохон улстөрчид байдаг хэмээдэг.  Мөн тухайн цаг үед "Эрдэнэт" үйлдвэр болон Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Д.Сугар нар ч энэ хэрэгт холбоотой гэдгийг зарим нь ярьдаг. Ямартай л хамгийн сүүлд буюу 2009, 2010, 2011 онд "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авахад Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар оролцсон гэдэг. Гэвч тэд үүнийг үгүйсгэж, хуурамч гарын үсэг байсан хэмээн гүрийсээр байгаа юм. Энэ мэтчилэн тоочоод байвал энэ хэргийг тойрсон дуулиан дуусахгүй. Иймээс энэ удаад улсын томоохон үйлдвэрийг барьцаанд тавих үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын талаарх зарим мэдээллийг бэлтгэлээ. Тодруулбал, энэ дуулиан олны анхаарлыг татаж байх үед буюу 2014 оны арваннэгдүгээр сард тухайн үед АТГ-ын удирдлагууд Д.Сугарын талаар ямар мэдээлэл хийж байсныг товчлон бэлтгэлээ. 

АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд: АД.Сугар Хонгконгийн

“Эйч Си Би Эс” банкинд оффшор  данстай

Тухайн үед АТГ-ынхан Цэцийн суудалд шигдээд байсан Д.Сугарыг суудлаас нь суга татахаар бэлтгэл ажилдаа орсон ч амжилтад хүрээгүй. Ямартай л 2014 оны хавар АТГ-ын удирдлагууд энэ тухай анх хөндсөн бөгөөд АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд (тухайн үед) УИХ-ын даргад албан тоот хүртэл илгээж байсан. Гэвч Д.Сугар суудалдаа тэсч үлдсэн. Уг нь тухайн үед АТГ-ынхан Д.Сугартай холбоотой олон баримтыг дэлгэсэн. Тухайлбал, түүнийг ТӨХ-ны дарга байхдаа олон ноцтой, но-той зүйл хийсэн. Тухайлбал, Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ  мэдүүлээгүй. Мөн энэ байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 саяа мөн л АТГ-т мэдүүлээгүй. 2012 онд "Транс Трэйд би би эс би" ББСБ-аас авсан 113 сая төгрөгийг мөн л бүртгүүлээгүй байсан гэдгийг ч онцолж байлаа. Уг нь хуульд зааснаар төрийн албан хаагч их хэмжээний зээл авсан бол хувь хүндээ орлого болох учраас мэдүүлдэг аж. Гэвч тэрбээр үүнийг үл тоосон аж. Үүнээс гадна Д.Сугартай холбоотой бас нэг таагүй баримт АТГ-ынхны гарт орсон нь мань эрхэм Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор  данстай байсан гэх дуулиан. Ямартай л энэ тухай хавтаст хэрэгт нь "Д.Сугар тус банкинд оффшор данстай бөгөөд уг даснснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны долдугаар сарын 16-нд 199941 ам.доллар мөн наймдугаар сарын 10-нд 116956 ам.доллар тус тус шилжүүлсэн байна" гэсэн байсан. Харин тэрбээр АТГ-ынханд энэ тухайгаа “Хонгконгийн HSBC” банкинд миний нэр дээр данс байсан нь үнэн. Одоо тийм данс байхгүй. Тухайн үед миний нэр дээр данс нээгээд миний гарын үсгийг зуруулж байсан. Тэр нь гадаад улсад байр авах, төлбөр тооцоог нь хийх зориулалттай байсан. Энэ дансыг хэдэн онд хаалгаснаа санахгүй байна. Одоогийн албан тушаалд ирэхэд минь энэ данс алт хэдийнэ хаагдсан байсан. Би тэр дансыг ашигладаггүй учраас мэдүүлээгүй” гэсэн нь түүний хууль бус үйлдлийг нотолсон юм. Нөгөө талаар түүний түүний өгсөн энэ мэдүүлэг нь Д.Сугар оффшор данстай холбоотой байсан нь үнэн гэдгийг нотолсон нотлох баримт ч гэж хэлж болно. 

Үнэндээ Д.Сугарыг тойрсон дуулиан үүгээр дуусахгүй. Учир нь тухайн үед Д.Сугартай холбоотой өөр олон ноцтой баримтыг хуулийнхан дэлгэж байсан бөгөөд түүний нэг нь тэрбээр МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан гэх мөнгөнийхаа талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй нь ил болсон явдал. Тодруулбал, Д.Сугар нь ТӨХ-ны дарга байхдаа Ч.Хоролсүрэнгийн зөвлөх гэсэн албыг давхар хашиж, МИАТ-ээс их хэмжээний мөнгө авдаг байсан нь ил болсон. Энд бас нэг зүйл анхаарал татаж буй нь Д.Сугарын зээл авсан гээд байгаа "Транс Трэйд би би эс би" ББСБ нь МИАТ-ийн экс дарга Ч.Хоролсүрэнгийн мэдлийнх байсан бөгөөд харин энэ тухайгаа тэрбээр “Би тэндээс зээл авч байсан. Гэхдээ хэдэн төгрөгийг ямар зориулалтаар авч байснаа санахгүй байна. Би хэрэгтээ үедээ тэндээс мөнгө авдаг. Гэхдээ авч байгаа зээлдээ хүү бараг төлдөггүй. Би энэ компанитай хамааралгүй. Гэхдээ миний нэг тэрбум төгрөгийг хадгалж байгаа Ч.Хоролсүрэн гэдэг хүн тус ББСБ-тай холбоотой. Би мөнгө шаардлагатай болсон үед  мөнгө авдаг. Харин тэр хүн хэрхэн яаж зохицуулж надад өгч байсныг мэдэхгүй.  Зарим үед надад баримт бүрүүдлэх шаардлага байна гээд гарын үсэг авдаг” хэмээн АТГ-т мэдүүлж байжээ. Энэ бол Д.Сугарыг тойрсон таагүй баримтын нэгээхэн хэсэг бөгөөд тэрбээр мөн 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор байр худалдан авсан, зарсан тухайгаа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болж байсан юм. 

Тэгвэл ийм нэг нөхөр яг одоо сураггүй болчихоод байна. Уг нь энэ улсад хууль хүн бүрт эрх тэгш үйлчилдэг бол Д.Сугар зүгээр өнгөрөх учиргүй. "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон асуудал дээр мөн оффшор данс тойрсон асуудал болон АТГ-т шалгуулж байсан хэргээ шүүлгүүлэх ёстой. Гэвч тэрбээр хэдэн сарын өмнө хүүхдүүдээ Монголоос гаргасан гэх мэдээлэл олны анхаалрыг татаж байсан. Тэгвэл одоо өөрөө сураггүй болчихлоо. Д.Сугар хаачив.