Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын улмаас амиа алдсан талийгаачдын гэр бүлд хоёр өрөө байр өгнө

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослоос болж амиа алдсан дөрвөн иргэний гэр бүлд нөхөн олговор олгохоор болсон тухайгаа мэдээллээ.

Тодруулбал, дөрвөн хүн амиа алдсан энэхүү харамсалтай осол  энэ сарын 16-нд гарсан бөгөөд үүнээс болж  нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс өнчирж үлдээд байгаа юм.  Тэгвэл хотын дарга амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө  байр, 36 сарын тэтгэмж олгохоор болжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхдүүдэд нь хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцсыг нь бүрэн даахаас гадна хүүхдүүдэд нь сурч боловсроход нь шаардлагатай тэтгэмж зэргийг олгоно. Хүүхдүүд нь их дээд сургуульд орвол сургалтын тэтгэлгийг холбогдох газраас гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн гэсэн юм.

Түүнчлэн хотын дарга энэ үеэр "Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрсэдсэн.  Яг тэр осол болсон газар өмнө нь 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Засвар чанаргүй хийснээ нуух гэж их хичээж байгаа" гэдгийг онцолж байлаа.