ТОП  улстөрчдийн жагсаалтаас Г.Занданшатар хасагдаж, Л.Оюун-Эрдэнэ эхний гуравт бичигджээ

“Сант Марал” төвөөс ТОП улстөрчдийн жагсаалтыг гаргасаар багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл тус төв өнгөрсөн долоо хоногт ээлжит судалгаагаа танилцуулж, топ улстөрчдийг зарласан байна. Судалгаагаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх иргэдийн 24.3 хувийн саналаар топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсэн бол 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалжээ. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэр бичигдсэн байна. Ингэснээр тэрбээр анх удаа энэ жагсаалтын эхний гуравт орж ирж байна. Түүнчлэн топ улс төрчдийн жагсаалтад Төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар багтаагүй нь анхаарал татаж байгаа юм. 

Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаанд орсон иргэдийн 61.3 хувь итгэхгүй байна гэсэн бол иргэдийн 64.6 хувь нь дарангуйллын тогтолцоо руу орчихлоо гэж үзжээ. Түүнчлэн дээрх төвөөс хөдөө орон нутагт хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдсэнийг мөн зарлажээ. Тухайлбал,  Архангай аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 26.2 хувиар тэргүүлсэн бол түүний араас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 24.6 хувь харин гуравдугаарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх 20.0 хувийн саналаар оржээ. Мөн Дорноговь аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 27.1 хувийн саналаар тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 22.9 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 18.6 хувийн санал авсан байна. Булган аймагт явуулсан асуулгаар уг жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33 хувийн саналаар тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга 18.0 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16.0 хувийн санал авчээ. Дорнод аймагт ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 25 хувь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.5 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 17.5 хувийн саналаар тус тус жагссан байна. 

Улс төрийн намуудын рейтэнгийг МАН 12.9 хувиар тэргүүлж,  АН 7.3 хувиар удаалж, МАХН 3.8 хувиар  топ гуравт багтжээ. Дашрамд мэдээлэхэд маргааш сонгууль болбол яах вэ гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 84 хувь нь оролцоно гэж хариулжээ