SOS: Барилга дээрээс блок унаж, хүн гэмтлээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын барилга дээрээс өнөөдөр 13.30 цагт цементэн чулуу унаж, барилгын дор байсан машин дээр унажээ. Автомашинд гурван хүн байсан бөгөөд нэг нь гэмтсэн байна. Тодруулбал, Приус маркийн автомашиныг хөдөлгөөнд оролцож байхад нь дээрээс нь унасан бөгөөд жолоочийн зүүн хөл болон гарын шуу нь шилэнд зүсэгдсэн байна. Энэ талаар уг хэргийг харсан гэрч "Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа 2 хос, ард нь би. Тэр том чулуу бид 3-ын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа" хэмээжээ.