УИХ: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа. Тус зөвлөлийн гишүүдээр Д.Өлзийбаатар, Н.Жанцан, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх  нараар тус бүт нь санал хурааж, томиллоо. МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-МҮОНРТ-ээр гарч байгаа мэдээллийг ажиглахад дарга нар, улс төрчдийг магтан дуулсан мэдээлэл маш их гардаг. Энэ нь өөрөө нийгэмд бүтээлч хүмүүсийн сэтгэлгээг хааж байна. Дарга болох сайхан аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй, дарамттай юм байна гэсэн мэдээллийг өгч байна. Нэр дэвшигчдийн зүгээс МҮОНРТ-ээр улстөрчдийн болон нэг талыг барьсан мэдээлэл гаргадаг уу эсвэл ЖДҮ эрхлэгч нарын талаар мэдээлэл бэлтгэж байна уу. Нийгмийг яаж бүтээлч болгох вэ.

Нэр дэвшигч түүхч, Д.Өлзийбаатар:

-Би бас таны ярьж байгаа зүйлтэй санал нийлж байна. МҮОНРТ бол хүмүүсийн танин мэдэхүйн, нийгмийг зөв төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж боддог. Тиймээс та бүхний хэлсэн асуудлыг ажилдаа тусгаж ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Манайх чинь Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь мэдэгдэж байна. Энэ улс орныг мөнгө төгрөг, уул уурхай аврахгүй. МҮОНРТ-ээр ёс суртахуун, ёс зүйтэй холбоотой асуудлыг гаргах хэрэгтэй байна. Улаанбаатарт жилд 2500 хүн гэр бүлээсээ салж байна гэсэн тоо байна. гэр бүлийн үнэ цэнийг харуулах нэвтрүүлэг бэлтгэмээр байна. Манай энэ УИХ-ын цагийг багасгамаар байна. Манай улстөрчдийн элдэв яриа, үг хэллэгийг гаргахдаа болгоомжтой гаргамаар байна. Түүхч хүн нэр дэвшиж байгаад баяртай байна, үнэн түүхийг энэ телевизээр гаргаж, хүүхдүүдэд анхаарсан зүйл гаргаж өгөөч.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-МҮОНРТ-ийн хуульд нээлттэй, ил тод, аливаа иргэн, улстөрчөөс хамааралгүй, үндэсний эрх ашгийг илэрхийлэгч байна гэж заасан байдаг. Тиймээс үйл ажиллагаа нь нээлттэй үндэсний эрх ашгийг хамгаалаасай гэж бодож байна. Сүүлийн үед орж ирж байгаа томилгоонууд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн функцуудээс оруулж ирээд байгаа юм. Тэгэхээр томилогдож байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах биш хуулийн дагуу ажиллаасай гэж бодож байна. Иргэдийнхээ төлөө, Монгол хүнийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаарай.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Сүүлийн жилүүдэд МҮОНРТ эрч шинэчлэл хийж, өнгө төрхөө өөрчилж байсан гэдгийг ард түмэн харж байгаа байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд техник, хэрэгслээ сайжруулах чиглэлээр олгогдсон төсвийг сайн зарцуулсан мэдээлэл гарсан байсан. Бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс нийгмээрээ салж чадахгүй байна. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж байгаа, өөдрөг хүмүүсийн талаар мэдээлэл гаргаж, мэдээллийн хэрэгслүүдийн олон янзын урсгалаас гарахад манлайлан хийгээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент МҮОНРТ-ийн тоногт төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Одоо бол ажил хийх л үлдсэн. Сүүлийн үед олон нийтийн хийж байгаа бүтээлүүд, контентуудыг худалдаж авдаг болох нь их зөв шүү. Улстөрчдийн захиалгаар маш их зүйл хийж байгаа. Орой болгоны мэдээгээр өөрийнх нь нэр, дүрс, яриа гаргаж гэж ярьдаг хэд хэдэн гишүүдийг сонссон шүү. Түүнээс гадна соён гэгээрэл, хүмүүжлийн чиглэлийн нэвтрүүлэг, нийгмээ хөтөлдөг, тархийг нь цэнэглэдэг хөтөч нь байгаасай. Энэ боломж нь МҮОНРТ-д бий. Удирдлага томилогдох бүрт уран бүтээлчдийг хөдөлгөөнд оруулдаг юм билээ. Тиймээс жирийн улстөрчдөд улс төр хамаагүй байдаг.

Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа. Харин үдээс хойш  15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн асуудлаар хаалттай мэдээлэл хийх юм.