А.Сүхбат: Туул голыг гаталсан малын арьс нь өмөрч унаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн юм. Мөн дараа нь найман газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар судалж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг чинь эвдэрч, сүйтгэж байгаа газар нутаг байгаа. Олборлолтын явсан, бэлчээрийн асуудал үүссэн. Энэ хуулиар Ховд аймгийн Алтай, Үенч сумын 50 хувь нь тусгай хамгаалалтад орж байна. Энэ хэрээр байгаль хамгаалагч, малчдын уялдааг яаж зохицуулах юм. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Байгаль хамгаалагчтай холбоотой хөрөнгө мөнгө тусгах юм. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч, малчдын хооронд асуудал үүсдэг байсан. Одоо үүнд зохицуулалт хийнэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  

-Эрдэнэт-Овоотын төмөр зам гэж асуудал байна. Аймаг, сум, ард иргэд нь мэдэхгүй байхад концессийн гэрээ гээд өгчихсөн гэсэн асуудал байна. Энэ асуудал тусгай хамгаалалтын нутгаар трас нь дамжих юм билээ. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-22 газрын хоёр газарт нь төмөр замын асуудал орсон. 2010 онд Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал шийдвэрлэгдсэн юм билээ. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгаар дамжих байсан.  Зарим газар нутгийг хасч өгөөч гэсэн. Хэрвээ давхцлыг нь арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гаргаж ирж гэсэн. 2010 онд зураг төслийг нь барьж, ашиглаж, хүлээлгэж өгөхөөр концессийн гэрээ хийгдсэн. Нөхөн төлбөр гэж том дүн тавьчихаад хуулийг бойкотлох хандлага байгаа. 

 ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: 

-2010 онд Төмрөөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад 2014 онд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих концесс хийгдээд 2015 онд гэрээ хийгдсэн байна. Төмөр замын чигийг техникийн боломж, эдийн засгийн үндэслэлийг батлагдсан юм байна. Үүнээс гарвал концесс эзэмшигч, хөрөнгө оруулагдчаас нөхөн төлбөр шаардах юм билээ. Таван газарт 21км тунель баригдах юм билээ. Үүнийг УИХ-аас чиг авч шийдвэрлэгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ асуудалгүй гэдэг бичиг БОАЖЯ-наас ирсэн юм билээ. 7.4 сая ам.долларын өртөгтэй концессийн энэ гэрээг 2015 оны Засгийн газрын үед байгуулсан. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 -Туул голыг хэзээ хамгаалалтад авах вэ. Туул голоо хамгаалах нь нийслэлчүүдийн асуудал болоод ард түмэн босоход бэлэн байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат

-Туулын бохирдол Тэрэлжээс эхэлж байна.  Тэрэлжид аялал жуучлалын бүсийн зөвшөөрөл олгосон учлаас тэндэхийн амралтын газрууд  модон жорлон хийж байна. Улаанбаатар хотын Гачуурт тосгоноос эхлээд гол дээр хог, үнсээ хаядаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохирдол дийлэнх хувийг эзэлж байна. Улаанбаатар хотоос доош орших Төв аймгийн  Алтанбулаг, Өндөрширээт, Заамар сумд асар өндөр хордлогод байна. Өнөөдөр Туул голыг гаталсан малын арьс нь өмөрч унаж байна. Тэр малын махыг ард иргэд идэж байна. Бид Туул голоос ундаалсан малын мах, ногоог идэхийг хориглож чадаагүй байгаа. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал удахгүй орж ирнэ. 

 Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр:

Туул голын ай савд байгаа аж ахуйн нэгжүүд, Богд ууланд хууль бусаар  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргасан. Зөрчилтэй аж ахуйн нэгжийг цуцлах үйл ажиллагаа явуулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлээр юу хийж байгаа вэ? Байгаль хамгаалъя гэж байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийг хаасан тогтоолоо хэзээ өөрчлөх юм вэ, Н.Цэрэнбат сайд аа. Танд маш олон удаа хэлсэн. Та мэргэжлийн хүн биш учраас доод хүмүүсийнхээ боловсруулсан бичиг дээр гарын үсэг зурж байгаа байх. Ойн ногоон бүсэд нөхөрлөл ажиллуулж болохгүй гэдэг. Гэтэл дүүргүүд нь 4,5 га-аар нь өгөөд 200 сая төгрөгөөр зарна гээд зар тавьчихсан байгаа шүү дээ. Төрийн ажил иймэрхүү байдалтай л явж байна. Мэргэжлийн бус байна, мэдлэг чадварын хомсдол байна. Байгаль орчны мэргэжлийн хүмүүс л ажиллаж ёстой. Орж ирж байгаа материал, бодлогууд шаардлага хангахгүй байна. 16 мянган мод тариад Сэлбэ голын эхийг ойжуулж , урсацыг нь нэмэгдүүлэх гэж байгаа санал санаачлагыг та нар дэмжихгүй байгаа.  Яам мэргэжлийн байх шаардлагатай, эх орныхоо төлөө ажиллах сэтгэлтэй байх ёстой, харамсалтай байна" гэлээ.

 

Тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн 22 газар.

1. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
2. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар; 
3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;   
17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

эх сурвалж:buzznews.mn