С.Мөнхчулуун: Хятадуудад өгөх 50 га газар нь Монгол Улсад байгаа хүлэмжийн аж ахуйн бараг 90 хувьтай тэнцэнэ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын компаниар 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдийн холбоо, иргэдтэй хамтран НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тэньжин фүүдс” компаниар нийслэлийн 50 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлыг оруулж ирсэн. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр “Улаанбаатар агро” гэх компанийг байгуулна гэх санал олж ирсэн.
Энэ саналыг хүнсний болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гээд иргэдийн хурлын тэргүүлэгчид олонхоор дэмжээгүй, буцаасан. Өнөөдөр 50 га газар нь Монгол Улсад байгаа хүлэмжийн аж ахуйн бараг 90 хувьтай тэнцэх хэмжээний газар.

Гэвч тухайн өдөр нь нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө албан бичгээр ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлэхдээ өөр компаниар дамжуулан БНХАУ-ын компани хүлэмжийн аж ахуй эрхлэхээр болсон байна.

Ингэхдээ нийслэлийн өмчид Улаанбаатар менежмент хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан энэ ажлыг хийнэ гэсэн бичгийг ЗГХЭГ-т хүргүүлжээ. Тэгэхээр БНХАУ-ын компани 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нь. Энэ бол байж болохгүй асуудал” гэв. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ компани нь 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани учраас хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж хардаж байгаа аж. Учир нь БНХАУ нь тариа ногоогоо ургуулахын тулд төрөл бүрийн химийн бордоо бодис ашигладаг гэж үзэж байна.
Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Г.Алтанцацрал “Монголын хүлэмжийг хөгжүүлэх гэж олон жил зүтгэж байна. Сая ҮАБЗ-ын хуралд дээр хүлэмжийн аж ахуйгаар хэлэлцүүлэг хийсэн. Бид нар өөрсдөө хэдэн жил зүтгээд өвлийн улиралд жимс ногоогоо гаргаж авч байна.Хятадууд орж ирэх юм бол химийн хортой бодисоор биднийг хордуулна. Цаашлаад хөрс шороог бохирдуулна. Нөгөөтэйгүүр Хятад хүн орж ирэх юм бол буцаж гарахгүй ээ, нутгийг минь эзэлнэ. Хэзээ ч явахгүй. Ингэхээр улс үндэстний аюулгүй байдал ч хөндөгдөнө” гэв