ИЗНН-ынхан улс төрийн тэмцэл өрнүүлнэ гэв

ИЗНН-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар  мэдээлэл хийлээ. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20 бол С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Тиймээс жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламлжлалтай.

Энэ хэрэгтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл явж байгаа болохоор ИЗНН-аас мэдэгдэл гаргаж байгаа юм байна.

ИЗНН-ын дарга  Ц.Ганхуяг “Илрэхгүй, захиалагч нь ил болохгүй байгаа энэ хэрэг дээр Ногоон нам хүлээцтэй хандаж ирсэн. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүлээцтэй хүндэтгэлтэй, тэвчээртэй хандаж байлаа.

Харамсалтай нь сүүлийн үед энэ хэрэг хоёр намын хоорондын ашиг хонжоо оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсч байна. Эрүүдэн шүүсэн гэх 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлч, иргэний байгууллагын нийгмийн төлөөлөлд үзүүллээ. Ард түмэнд үзүүлсэнгүй.

Тиймээс ард иргэдэд ижил тэгш мэдээлэл авах хэрэгслээр хангахыг шаардаж байна. Хэргийн нотлох баримт бүгд байхад гурван шатны шүүхийн хуралдааны материал шийдвэрийг ил гаргахыг шаардаж байна. Цаашдаа үнэнийг олохын төлөө улстөрийн тэмцэл өрнүүлнэ.

Энэ хэрэг илрэхгүй байж магадгүй. Нотлох баримтыг ч устгаж, захиалагчийг бүрхэг болгох гэж байна.Тиймээс энэ асуудлыг анхаарч, тэмцэхээр манай намаас мэдэгдэл гаргаж байна” гэв.

Тэдний ярьж буйгаар шүүх хуралдааны материалыг ил болгох боломж нөхцөл бүрдсэн. Ямар нууц мэдээлэл байгаад ҮАБЗ-д харшилна гээд байгаа. Ингэх тусам хардлага сэрдлэг их байна. Нууц гэдэг хамгаалалтын дор хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж, хүний эрхэд халдсан зүйл явагдсан байхыг үгүйсгэхгүй гэдгээ ч тодотгов.

Энэхүү мэдэгдлийг Ерөнхий сайд болон УИХ дахь Түр хороонд хүргүүлнэ гэв.