Г.Өнөрбаяр: Одонтой ээжүүдийн мөнгийг бууруулахгүй. Тийм зүйл яриагүй

ХНХЯ-ны ТНБД Н.Өнөрбаяр алдарт эхийн одонт ээжүүдэд олгодог мөнгө төсөвт дарамт үзүүлж байна гэсэн агуулгатай мэдээллийг өчигдөр өгсөн гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Тодруулбал, тэрбээр өчигдөр хуралдсан Өргөдлийн байнгын хорооны хурлын үеэр "Тухайн ээжид насан туршид нь тэтгэмж олгодог жишиг манайхаас бусад улсад байхгүй. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар хүүхэд нь 18 нас хүрсний дараа тухайн ээж одонгийн мөнгө авах болзлоос хасагддаг байх эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ" гэсэн агуулгатай мэдээллийг өгсөн нь олон нийтийн бухимдлыг ийн хүргэсэн. Тэгвэл тэрбээр дөнгөж сая энэ мэдээлэлдээ залруулга хийлээ.

Тэрбээр “Алдарт эх”ийн нэгдүгээр одонтой ээжүүд маань зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн байдаг. Өөрөөр хэлбэл зургаан хүүхэдтэй ээжид улсаас жилд 200 мянган  төгрөг өгдөг. Мөн 10 хүүхэдтэй ээжүүдэд адилхан 200 мянган төгрөг олгодог. Тэгэхээр бид Нийгмийн хамгааллын багц хуульд шинэчлэл хийж, зургаа болон 10 хүүхэдтэй ээжүүдэд олгох мөнгөний хэмжээ ялгавартай байвал ямар вэ гэсэн судалгаа хийж үзэж байгаа. Уг судалгаагаар одоо олгож буй 200 мянган төгрөгийг буулгах бус шатлалтайгаар нэмэх тухай асуудал ярьсан. Өмнө нь 2006 онд одонтой ээжүүдэд 4.9 тэрбум төгрөгийг олгож байсан. Өнгөрсөн 2018 оны гүйцэтгэлээр 30 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Би 2006 оныг 2018 онтой харьцуулаад улсын төсөвт ийм хэмжээний мөнгө бүрдсэн тухай хэлсэн. Салбар яамны хувьд бүртгэлтэй байгаа тоон мэдээллээ л өгсөн. Харин салбар яамнаас одонтой ээжүүдийн тэтгэмжийн талаар хэд хэдэн бодлогын хувилбарууд хэлэлцэж байгаа.  Яагаад энэ хувилбарыг ярих болсон гэхээр тодорхой үндэслэл тооцоо байгаа. Одоогийн байдлаар нийт хүн амын өсөлт жилд 2.1 хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байна. Сүүлийн 10 жилийн төлөв байдлыг харахад 16 орчим хувьтай байхад ахмад настны өсөлт 21.9 хувьтай байна. Эндээс харахад нийт хүн амд насжилт ихсэх хандлагатай байна. Тиймээс төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлье. Тэгэхийн тулд одонтой эхчүүдийн тэтгэмжийн мөнгийг шатлалтайгаар нэмье. Ингэхдээ одоо байгаа 218 мянган одонтой эхчүүд хэвээрээ байна. Тэдэнд олгож буй 100, 200 мянган төгрөг буурахгүй. Харин хүүхдийнх нь тоогоор үечилж нэмбэл ямар вэ гэдэг судалгааг хийж байгаа” гэсэн юм. 

Дашрамд мэдээлэхэд манай улсад өнөөдрийн байдлаар дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн 218 мянга гаруй ээж бий. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжид алдарт эхийн 2-р одон олгож улирал бүр 100 мянган төгрөг олгодог. Харин 6 болон түүнээс дээш хүүхэдтэй бол алдарт эхийн 1-р одон олгож улирал бүр 200 мянган төгрөг төрөөс өгдөг. Энэ нь жилд 30 тэрбум болдог байна.